Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани бол "Эрдэнэс Тавантолгой”. Засгийн газрын шийдвэрээр "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 30 орчим хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа. Ингэснээр Тавантолгойн үнэ цэнийг улам нэмэгдүүлж, иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг "амь оруулах” учиртай юм. Монголын өрх бүрт хувьцаа эзэмшигчтэй "Эрдэнэс Тавантолгой”-н болон Тавантолгойн ордын талаархи сонирхолтой 24 баримтыг хүргэж байна. Нэгэн үе нүүрс үнс болох нь гэж байгаад гаднын хөрөнгө оруулагчдад өгчихөө шахсан Тавантолгойн үнэ цэнэ улам бүр өсөн нэмэгдэж байгааг эндээс харах боломжтой юм. Тухайлбал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар энэ оны наймдугаар сард Тавантолгойн ордын нөөц, баялгийг 340 сая тонноор нэмэгдүүлж баталсан гэдгийг Та мэдэх үү?
Баримт 1.1800-аад он. Нутгийн ардууд нүүрсний илэрцийг мэдэж, ахуйдаа хэрэглэж байсан тухай дурдсан байдаг. 1950-иад он. Монгол Зөвлөлтийн хамтарсан "Совмонголметал” нэгдэл системтэйгээр судалгааны ажил хийж эхэлсэн.1960-аад оноос орон нутгийн хэрэгцээнд бага хэмжээний хоёр уурхайг Цанхийн хэсэгт нээж, олборлож эхэлсэн.
Баримт 2.1974-1975 он. Монгол-Болгарын хамтарсан баг нь туршилтын таван цооног өрөмдөн дээжлэлт хийн, хагас үйлдвэрлэлийн туршилт технологийн ажлыг хийж гүйцэтгэсэн. 1977 он. ЗХУ-ын Нүүрсний аж үйлдвэрийн яамны хүрээлэн хайгуулын болон шинжилгээний үр дүнг үндэслэн ТЭЗҮ боловсруулсан.
Баримт 3.1978-1981 он. Коксжих нүүрсний Тавантолгой ордын эрэл-үнэлгээний ажил хийгдсэн. 1977-1978 он. Чулуун нүүрсний Тавантолгой ордын VIII давхаргын нарийвчилсан хайгуулын ажил хийгдсэн.
Баримт 4.1984-1989 он. ЗХУ-ын Минчернетийн институтэд Цанхийн хэсгийн коксжих нүүрсний химийн найрлага, бүтэц болон нүүрсний чанарын судалгааг хийлгэсэн.
Баримт 5.1985-1988 он. Цанхийн төв хэсгийг уурхайн төв хэсгээр тодорхойлон, нарийвчилсан хайгуул, баяжуулалтын судалгааг хийсэн. Тавантолгойн Өмнөд, Зүүн, Бортолгойн хэсэгт хайгуулын ажил хийгдсэн.
Баримт 6.1991 он. Ордыг цогцоор ашиглах ТЭЗҮ-ийг ЗХУ-ын Гипрошахт институтэд боловсруулав.
Баримт 7.2008.10.23. Тавантолгой ордын тусгай зөвшөөрлүүдийн булангийн цэгийн шав тэмдэгийг тавив.
Баримт 8.2009.06 сар. Цанхийн хэсгийн дөрөвдүгээр давхаргыг хэсэгчлэн ашиглах "Эрдэнэс-Тавантолгой” төслийн ТЭЗҮ-ийг Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлав.
Баримт 9.2010.08.23 он. "Эрдэнэс-Тавантолгой” төслийн анхны ЭТТ-01 цооногийг өрөмдөв.
Баримт 10.2010.08.27 он. "Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхийн зүүн уурхайг нээлээ.
Баримт 11.2010.08.01. "Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхийн зүүн уурхайг эхлүүлэхээр үндсэн 37 ажилчин, нэг пикап авто машин, найман автосамосвал, нэг экскаватортойгоор үйл ажиллагаа эхлүүлж байлаа.
Баримт 12.2009.08.05. "Эрдэнэс-Тавантолгой” хотхоны шавыг тавив.
Баримт 13.2011.04.08 он. Тавантолгойн ордын Цанхи, Бортээгийн зүүн хэсгийн нөөцийг Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлав. 2011.04.08 он. Цанхийн Зүүн хэсгээс жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий ил уурхайн ТЭЗҮ-ийг Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлав.
Баримт 14.2011.08.04. "Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхийн зүүн уурхайгаас нүүрсний экспортыг эхлүүлэв.
Баримт 15.2012.05.17. Цанхийн баруун, Бортээгийн хойд, Ухаахудагийн баруун хэсгийн нөөцийг Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлав.
Баримт 16.2012.06.07. Цанхи, Бортээгийн хэсгийн нүүрсний хагас үйлдвэрийн технологийн туршилтын ажлын өрөмдлөг, шинжилгээний ажил эхлэв. Судалгаагаар нүүрсний 0a, 0б, 0г, V давхаргуудыг коксжих шинж чанартай болохыг шинээр тогтоолоо.
Баримт 17.2012.06.19. Цанхийн баруун хэсгээс жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий ил уурхайн Техник-Эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлав.
Баримт 18. 2013.02.16. "Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхийн Баруун уурхайг нээлээ.
Баримт 19.2018.06.30. "Эрдэнэс Тавантолгой” ХК 40 дэх сая.тн нүүрс олборлолоо.
Баримт 20.2017.03.31. "Чалко”-гийн өрийг тэглэв.
Баримт 21.2018.10.23. Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өрийг тэглэв.
Баримт 22.2018.06.29. Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 73-р тогтоолын төсөл батлагдлаа.
Баримт 23.2017 оноос одоог хүртэл. Цанхийн Зүүн болон Баруун уурхайн ашиглалтын хайгуул, Бортээг, Оорцогийн /Баруун-Өмнөд/ хэсгийн нарийвчилсан хайгуулын ажлаар газрын гадаргуугаас доош 600-800 метрийн гүнд нүүрсний шинэ давхраасууд тогтоож геологийн нөөц, баялаг цаашид ихээр нэмэгдэх боломжтой болохыг тодорхойлов.
Баримт 24.2018.08.31. Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар Тавантолгойн ордын нийт нөөц, баялгийг 340 сая тн-оор нэмэгдүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Жорк” стандартаар нөөцийн хэмжээ 7.6-8 тэрбум тн боллоо.