Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд, Хөгжлийн банкны эх үүсвэр нь "Чингис" бондын хөрөнгө, банкны өөрийн санхүүжилт, гурав дахь хэсэг нь "Самурай" бондоос бүрдэж байгаа гэдгийг тодотгов. Засгийн газар 1,5 тэрбум ам.долларын өрийн бичгийн арилжааг олон улсын санхүүгийн зах зээлд 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан. Энэхүү эх үүсвэр нь мөн оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монголбанк дахь Засгийн газрын дансанд орж ирсэн юм. Одоогийн байдлаар, бондын хөрөнгөөс 10 төсөл хөтөлбөрт 1,2 их наяд төгрөгийг зээл, хөрөнгө оруулалтын хэлбэрээр гаргаад байгаа аж. Зарцуулсан хөрөнгийг салбар нэгжээр нь авч үзвэл, аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбоход, Тавантолгой-Гашуунсухайт хүртэлх шинэ төмөр замын ажилд, нийслэлийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн болон хөнгөн үйлдвэрийн 5 төсөлд, "Чингис хаан" Боинг 767 онгоцны санхүүжилтийг хийх зэрэг төсөл хөтөлбөрт зарцуулсан байна. Тус бондоос санхүүжүүлсэн зарим ажлуудын үр дүн гарч, эргэлтэд орж эхэлсэн бол зарим нэг ажил хэрэгжих шатандаа явж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох төсөл 68 хувийн хэрэгжилттэй байгаа бол "Гудамж" төслийн хүрээнд 33 уулзварыг шинэчлэхээс 16 уулзвар болон 2 автозамын ажил бүрэн дуусчээ. Мөн Улаанбаатар хотод барих 2 хурдны замын техник эдийн засгийн үндэслэлийг хийж дууссан бөгөөд Туул голын даланг дагуулан барих хурдны замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах эхний санхүүжилтийг олгосон аж.
"Шинэ төмөр зам" төслийн санхүүжилтэд "Чингис" бондын хөрөнгөөс 164,2 сая ам.доллар олгосон. Урьдчилсан ТЭЗҮ-гээр 700 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Гэхдээ энэ бүх санхүүжилтийг тус бондоос санхүүжүүлнэ гэж ойлгож болохгүй гэдгийг Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр онцолсон. Түүнчлэн тус бондоос Монгол Улсын өөрийн өмчлөлийн холын зайны "Боинг" агаарын тээврийн хөлгийг худалдаж авах зардлыг санхүүжүүлсэн. Гэхдээ тэрхүү санхүүжилтийг АНУ-ын "Экс Им" банкны урт хугацаатай, хямд санхүүжилтийн эх үүсвэрт шилжүүлсэн гэсэн тайлбарыг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн хийсэн юм. Энэ үеэр Хөгжлийн банкны хөрөнгөөр хийсэн болон хийж байгаа ажлуудаас тэрбээр нэр зааж танилцуулсаны зэрэгцээ "Самурай" бондын хөрөнгөөс нэг ч төгрөг гараагүй, арилжааны банкуудад байршуулаад байгаа гэв.
Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй
холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн
Д.Хаянхярваа танилцууллаа. Тус бүлгийн гишүүдээс Ерөнхий сайдын хийсэн
мэдээлэл хангалтгүй байна гэж үзсэний дээр Засгийн газар "Чингис" бондыг
зарцуулахдаа таван чиглэлд дутуу ажилласан хэмээн дүгнэв. Нэгдүгээрт,
ашиглаагүй бондын эх үүсвэрт буюу дансанд хадгалсныхаа төлөө Засгийн
газар 120 гаруй тэрбум төгрөгийн хүүгийн алдагдал хүлээсэн. Энэ нь 120
гаруй иж бүрэн хэрэгсэлтэй цэцэрлэг барих хөрөнгө. Үүнтэй холбогдуулан
тодорхой албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хэрэгтэй. Хоёрдугаарт,
бондын хөрөнгийг төсөвт тусгах шаардлагатай. Мөн Хөгжлийн банкны 580 сая
ам.долларыг 2017 онд, "Чингис" бондын 500 сая ам.долларыг 2018 онд
төлөх тул ирээдүйн төсөвт ирэх хэт ачаалал, дарамтыг багасгах үүднээс
энэ оны төсвийн тодотголын үед дээрх төлөх өрийн 1/3 хувийг бүрдүүлэх эх
үүсвэрийг тусгаж нөөц сан бүрдүүлэх нь зүйтэй. Гуравдугаарт, бондын эх
үүсвэрийг эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө
оруулахад зарцуулахгүй, мөнгө хүүлэх үйл ажиллагааны хэрэгсэл болгож
байгаа тул үүнийгээ засч залруулахыг зөвлөлөө. Дөрөвдүгээрт, тодорхой
төсөл хөтөлбөрт хуваарилагдсан боловч санхүүжилт хийгдээгүй байгаа
үлдэгдлийг тодорхой болгох хэрэгтэй. Тавдугаарт, "Чингис" болон
"Самурай" бондын хөрөнгийн зарцуулалт, үр ашгийг хянан шалгах ажлын
хэсгийг байгуулж, гарсан үр дүнг нь ард түмэнд нээлттэй тайлагнахыг
шаардаж байна гэлээ.
Б.Туул
Монцамэ