Монголд үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниудын дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрлээ

 

-БНХАУ-ын "СТСЕ МОН” компани Монголын компаниудаас мөнгө нэхэж, дарамталж байна-

Сүүлийн жилүүдэд манай улсын БНХАУ-тай харилцах харилцаа гүнзгийрч бүхий л салбарт хамтран ажиллаж байна.Тэр дундаа манай улсад хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд хятад иргэд олноор гар бие оролцож байгаа. Бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд шуурхай, чанартай хийх үүднээс бид хөрөнгө оруулалтын олон нөхцөлийг санал болгон гаднын улсаас ажиллах хүчийг татан ажиллуулдаг. Энэ болзлын дагуу ихэвчлэн Хятад улсын аж ахуй нэгж, компани, иргэд Монголд ирж ажиллаж байна.

Тэднийг Монголын аж, ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж гүйцэтгэж буй ажлаа чанартай, шуурхайлан дуусгах хүсэлт, шаардлагыг манай талаас тавьдаг. Гэтэл Монголд ажиллаж буй Хятадын компаниуд сүүлийн үед манай улсын хууль дүрмийг зөрчих цаашлаад иргэдийг нь доромжлох гэх мэтээр дур зоргоороо авирлах нь хэрээс хэтрээд байна.

Дээрхтэй адил Хятадын замын компани манай улсад үйл ажиллагаа явуулахдаа Монголын компаниудад дарамт, шахалт үзүүлж буй талаарх мэдээлэл гарч эхэллээ.

ТОДРУУЛБАЛ, БНХАУ, Монгол улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу "Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудал чиглэлийн хурдны авто замын төсөл”-ийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "СТСЕ МОН” компани ажиллахдаа Монгол компаниудаас мөнгө нэхэх, ажлыг нь булаах гэх мэт үйлдлийг гаргаж байгаа аж.

 Энэхүү төсөл нь БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгосон зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хамгийн гол ач холбогдолтой дэд бүтцийн төсөл гэж хэлж болно.

Шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны замыг Хятад улсын Засгийн газрын нийт 140 сая долларын хөнгөлөлттэй зээлээр барьж гүйцэтгэх юм. Гэрээнд заасны дагуу уг замын ажлын 70 хувийг зээл олгогч Хятад улсын "СТСЕ МОН” компани дангаараа хийж гүйцэтгэж байна.

Харин 30 хувийн ажлыг Монголын "Арж капитал, "Бадрах ойл"  болон "Эрдэнэ зам” компани барьж гүйцэтгэж байгаа юм. Сонгон шалгаруулалтаар шалгарсан Монголын гурван компани нь авто замын салбарт олон жил ажилласан туршлагатай аж.

Дээрх компаниуд уг ажлыг гүйцэтгэхдээ банкны баталгаа гаргуулж 30 хувийн санхүүжилтээ босгожээ. Гэвч Хятад улсын "СТСЕ МОН” компанийн буруугаас үүдэн өнөөдрийг хүртэл банкны баталгаагаа суллуулж чадахгүй нөхцөл байдалд орсон байна. Хэдий ийм байгаа ч тэд уг замын ажлын 60-70 хүртэлх хувийг хийж гүйцэтгээд байгаа юм. Энэ хугацаанд цагийн тоолуур гүйж Монголын компаниудын банкинд тавьсан зээлийн хүү өсч улмаар зээл болон эргэлтийн хөрөнгийн санхүүжилт авч чадахгүй нөхцөл байдалд хүрчээ. Үүний хор уршгаар хурдны зам энэ онд багтан ашиглалтад орох нь эргэлзээтэй болж байна.

Мөн Хятадын компани өмнө нь огт дурдагдаагүй 20 хувийн "Удирдлагын зардал”-ыг нэхэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, санхүүжилтынхаа 20 хувийг өөрсдөд нь өгөхийг шаардсан байна. Хятадын компанийн энэхүү шаардлагыг туслан гүйцэтгэгч компаниуд үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагад хандан шалгуулахаас аргагүйд хүрчээ.

Тэдний дураараа авирлах үйлдэл үүгээр зогссонгүй. Тодруулбал, тэд туслан гүйцэтгэгч Монголын компаниудад удаа дараа шахалт, дарамт үзүүлэн гол үнэ шингэсэн хучилтын ажлыг нь булааж эхэлжээ. Одоогоор нэг компанийнх нь хучилтын ажлыг авсан байна. Цаашлаад үлдсэн хоёр компанид "Хучилтын ажлаа өг” гэх тулган шаардалтыг тавьж өнөөдрийг хүртэл дарамталсаар байгаа гэнэ.

Хятадын компанийн энэхүү үйлдэлд Монгол улсын холбогдох төрийн байгууллагууд хэрхэн хандаж байгаа нь сонин. Энд Монголын компаниудын эрх ашгаас гадна Хятадын компанийн хууль зөрчсөн үйлдэл, авилгын асуудал хөндөгдөж байна.

 "СТСE MOH” компанийн хууль зөрчсөн үйлдэл зөвхөн үүгээр дуусахгүй юм. Тус компанитай холбоотой олон ноцтой баримтууд байгааг бид цувралаар хүргэх болно. Тус компани Хөшигийн хөндийн замыг барих төслөөс гадна хөдөө, орон нутагт баригдах замын томоохон төслийн ажлыг гүйцэтгэхээр авсан байна. Ингэхдээ ч мөн манай улсын хууль дүрмийг зөрчиж байгаа гэх мэдээлэл байгаа юм.  

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

chuhal.mn