БНАСАУ дараачийн цөмийн туршилт хийх бэлтгэлээ идэвхтэй хийж эхэлсэн болохыг АНУ, БНСУ-ын мэргэжилтнүүд сансрын зургаар нотлон тайлбарлаж байна. Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын Эх орноо энх тайвнаар нэгтгэх хорооноос БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг АНУ-ын төлөө эх орноо худалдсан "биеэ үнэлэгч хүүхэн"-тэй зүйрлэн шүүмжилсэн юм. Пак Гын Хэ Сөүлд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай уулзахдаа БНАСАУ-ыг цөмийн туршилтаа зогсоох шаардлага тавьсны дараахан умардууд Пак Гын Хэг ийнхүү "биеэ үнэлэгч хүүхэн"-тэй зүйрлэн шүүмжилжээ.
Харин уг нөхцөл байдалд Хятад улс оролцож эхэллээ. Хятад улс БНАСАУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн дарга Ким Жөн Уны бодлого аюул дагуулах эрсдэлтэй болохыг албан бусаар хүлээн зөвшөөрч эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Хятад улсын дарга Си Зиньпин БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй утсаа холбогдон БНАСАУ-ын цөмийн асуудлыг хэлэлцэв. Хятад улс БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгохын тулд үргэлжлүүлэн энх тайвны арга замаар ажиллана хэмээн амласан бол түүний хариуд Ерөнхийлөгч Пак Гын Хэ Хятад улсыг БНАСАУ-д нөлөөлж өгөхийг хүссэн байна.
Цэргийн хүчээр далайлган гайхуулах нь БНАСАУ-д нөлөөлж болох нэгэн чухал арга болж чадна. Өмнө нь Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцдахад Хятад улс мөн БНАСАУ-ын хилийн ойролцоо цэргийн сургууль хийж байсан. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцдах үед Хятад улс БНАСАУ-ын хилийн заагт орших Бэгдү уулын орчимд 100 мянган цэрэг оролцуулсан асар том цэргийн сургууль хийсэн билээ. Харин сүүлд хийсэн цэргийн цэргийн сургуульд онц нөхцөл байдал үүссэн үед шуурхай ажиллагаа явуулах зорилгоор хэдэн мянган цэргийн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.
Олон улсын судлаачид уг цэргийн сургуулийг БНАСАУ-ыг сүрдүүлэх зорилготой хэмээн үзэж байгаа. Тэгвэл Хятад улс цэргийн сургуулиар дамжуулан юу хүссэн байж болох вэ? Нэгдүгээрт, Солонгосын хойгийн нөхцөл байдалд түгшиж байгаагаа ойлгуулах. Хоёрдугаарт, зөвхөн БНАСАУ-аар зогсохгүй АНУ, БНСУ-д цэргийн сүр хүчээ мэдрүүлэх зорилготой байж болох юм. Магадгүй бүс бүх нутгийн тоглогчдод тогтвортой байдлын төлөө өөртөө хяналт тавихыг сануулах зорилготой байх. Энэ талаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн судлаач Алексей Арбатов дараах тайлбарыг хийж байна. Алексей Арбатов, "БНАСАУ цөмийн туршилтад бэлдсэнтэй холбогдуулан авсан арга хэмжээ болов уу гэж найдаж байна. Мөн АНУ, БНСУ, Япон улс БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрт саад хийх зорилгоор цэргийн үйл ажиллагаа явуулахаас сэргийлэх зорилготой цэргийн сургууль байх боломжтой" гэв.
Хятад улсын хувьд БНАСАУ бол барууны орнуудын цэргийн оролцоо орж болохгүй улаан шугам юм. Тухайлбал, сүүлийн үед Хятадын Засгийн газраас Солонгосын хойгийн өнөөгийн нөхцөл байдлын хариуцлагыг дан ганц БНАСАУ-д тохож болохгүй, АНУ болон түүний холбоотон улсууд ч мөн бүс нутгийн аюулгүй байдлын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Түүнчлэн БНАСАУ-ыг буулт хийхийг сүрдүүлэх аястай шаардах нь зөв биш гэж Хятад улс үзэж байна.
А.Цацралт
монцамэ