Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Хонгор багийн нутгаас төмрийн хүдэр олборлодог "Чин хаш” компанийн тээвэрлэлтийг тус сумын ИТХ, Засаг даргын шийдвэрээр зогсоожээ. Хятадын хөрөнгө оруулалттай энэ компани 2013 оны намраас туршилтын журмаар олборлолтоо эхлэн, хилээр хүдэр тээвэрлэдэг болсон байна. Ингэхдээ тээврийн тогтсон маршрут гаргаагүй тул хүдэр ачсан жолооч нар нь малын бэлчээр, айлуудын дундуур дураараа давхин, бэлчээр сүйтгэж, олон салаа зам гаргасан аж. Үүнд нь малчид дургүйцэн, тус компанийн тээвэрлэлтийн асуудлыг цэгцлэхийг орон нутгийн удирдлагаасаа шаардсан байна.
Малчдын энэ шаардлагыг Говь-Угтаал сумын удирдлагууд хүлээн аваад "Чин хаш” компанид тээвэрлэлтийн маршрутаа мэргэжлийн байгууллагаар тогтоолгон, сайжруулсан шороон зам тавих (дараа нь хатуу хучилттай болгох) шаардлага хүргүүлж, тэр болтол тээвэрлэлтийг нь зогсоож байгаагаа мэдэгджээ. Тус суманд Хятадын хөрөнгө оруулалттай "Минг Хонг Да”, Хятадын төрийн өмчийн (100 хувь) "Шанжин орд” компани төмрийн хүдэр баяжуулах байгууламж бариад зургаан жил болж буй ч үйл ажиллагаа явуулаагүй гэнэ. Энэ хоёр компани Говь-Угтаалд хүдэр баяжуулах үйлдвэр барьсан бол "Чин хаш” төмрийн хүдрийг соронзон аргаар ялган, Баянтал руу зөөж байгаа аж.
Нийтдээ
450 га талбайд ашиглалт явуулах тусгай зөвшөөрөлтэй тус компани
одоогоор гурван карьер гарган, хүдэр олборлож байна. Лицензтэй
талбайнхаа багахан хэсэгт ашиглалт явуулна гэж тус компанийн удирдлагууд
орон нутгийн эрх мэдэлтнүүдэд хэлсэн ч ордын нөөц, ашиглалтын төлөвлөг
өө, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ТЭЗҮ-ээ ч танилцуулаагүй гэнэ.
Х.ЭРХЭМ
Эх сурвалж: Өнөөдөр