Оны эхний өдрүүдэд "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Монгол Улсын ганц саалийн үнээ гэгдэх энэ үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авч байгаагаа өнгөрсөн долоо хоногт олон нийтэд зарлав. Харин 49 хувийг эзэмшиж буй "Монголын Зэс” корпорациас "Засгийн газартай албан ёсоор ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна” хэмээн мэдэгдэв.
Хэрэв төр 49 хувийг мэдэлдээ авч байгаа бол Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит болох уу? Үгүй юм.
Учир нь "Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшилд "байсан” 51 хувийг гадны банкинд барьцаалж зээл авсан тухай эх сурвалжууд мэдээлдэг. Тодруулбал, "Жастын” гэх тодотголтой Ш.Батхүү "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн "Стандарт” банкинд барьцаалж 140 сая ам.долларын зээл авсан тухай мэдээлэл 2013 онд ил болсон. Тодруулбал, "Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая ам долларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажсан уг батлан даалтын асуудал олон улсын арбитрын шүүхээр хэд хэдэн удаа орчхоод байгаа.
Шүүхийн шийдвэрээр Монголын "Эрдэнэт” үйлдвэр "Жаст”-ын зээлээс 51 сая ам.долларыг хүүтэй, хүүгийн алдангитай нь төлөхөөр болоод байгаа өнгөрсөн онд бичигдэж байв. Мөн шүүх ажиллагаанд зарцуулсан Өмнөд Африкийн "Стандарт” банкны үйлчилгээний хөлсийг нь төлөх аж.
Жастын” гэх тодотголтой Ш.Батхүү "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн "Стандарт” банкинд барьцаалж 140 сая ам.долларын зээл авсан тухай мэдээлэл 2013 онд ил болсон.
Хэрэв "Стандарт” банкны хохирлыг Монголын засгийн газар барагдуулж чадахгүй бол мэдээж 51 хувийг хураах нь тодорхой. Ингэснээр Эрдэнэт Монгол-Африкийн хамтарсан үйлдвэр хэмээн нэрлэгдэх нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм.
Гэвч өнөөдөр Засгийн газар хийгээд Төрийн өмчийн хорооноос Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн тухай ам нээхгүй байна. Нэг үгээр нууцлаг хэвээр байна.
Эрх баригчид яаравчлан хувийн хэвшлийн эзэмшилд байсан 49 хувийг булаан "авсны” учир энд тайлагдаж магадгүй юм. Тэгэхээр Монголд байгаа 49 хувь биш гадаадын банкны барьцаанд байгаа 51 хувийг төр хэзээ өөрийн мэдэлдээ авах асуудал анхаарал татаж байна.
Оллоо.мн