- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Эрдэнэ: "Рио Тинто"-д үйлчилдэг ОУВС Монголыг хөгжүүлэх үү, тийм юм байхгүй
-2016 оны сонгуулийн дараа АН-ынхан намаа шинэчлэх ажилд ханцуй шамлан орсон. Намын даргаа бүх гишүүдээсээ сонгосон. Гэх мэтээр намаа шинэчлэх ажлаа хийж байгаа. Одоо ч энэ бодлогоо үргэлжлүүлж байгаа байх?
-2016 оны сонгууль АН-д маш том сургамж болсон. Сонгуулийн дараа намын бүх шатны байгууллагын гишүүд цочролын байдалд орчихсон байлаа. Ердөө л есөн хүн УИХ-д сонгогдсон. Би УИХ дахь АН-ын бүлгийн даргаар томилогдож, ажилдаа орсон доо. Нөхцөл байдал хүнд байсан. Орон нутгийн сонгууль болох дөхчихсөн үе. Тийм болохоор орон нутгийн байгууллагуудаа сэргээе, босгоё. Орон нутгийн сонгуульд бэлтгэлтэй оръё гэж зорьж, тухайн үеийн намын удирдлагуудтай хамтарч ажилласан. Үүний үр дүнд орон нутгийн сонгуулиар бид цөөнгүй суудал авч чадсан. Улмаар АН-ын зургаадугаар Их хурлыг хуралдуулж, намын шинэчилсэн дүрмийг баталсан. Шинэ дүрмийн дагуу намын даргыг бүх гишүүдээс сонгох.
Цаашлаад бүх шатны намын удирдлагыг нийт гишүүдээс сонгодог байхаар тогтсон. Энэ дүрмийн дагуу үйл явц яаж өрнөснийг та бүхэн мэдэж байгаа. Намын даргын төлөө таван хүн нэр дэвшин өрсөлдөж, 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзсан. Сонгуульд АН-ын 180 мянган гишүүн саналаа өгсөн. Миний хувьд олонхын саналыг авч, намын даргаар сонгогдоод ажиллаж байна.
Даргаар сонгогдоод хийсэн эхний ажил намын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх байсан. Тэр байр сууриа ч барьж ажилласан. 21 аймаг, есөн дүүргийн дунд шатны намын дарга нар, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийг явууллаа. Нийтдээ 17,800 сонгуульт албан тушаалтныг сонгох нүсэр том ажлыг хийсэн. Нөхдийн хамт зүтгэж, энэ том ажлын ард гарлаа. Дөрөвдүгээр сард энэ сонгууль болж, намын бүх шатны удирдлагууд шинэчлэгдсэн.
Удирдах бүрэлдэхүүний 70-80 хувь нь шинэчлэгдэж, өөрчлөгдлөө. Ийм том шинэчлэлийг АН хийчхээд байна. Мөн АН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ ч гэсэн сунгаагаар тодруулсан. Яг дүрмийнхээ хүрээнд ажилласан. АН улс төрийн томоохон нэг ч шийдвэрийг гишүүдийн оролцоогүй гаргахгүй гэдэг байр суурьтай байсан, би.
Одоо ч тэр байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Бид 180 мянган гишүүд, дэмжигчдийнхээ саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход АН эрх мэдэл, хөрөнгө мөнгө гээд бүх зүйлээр өрсөлдөгчөөсөө дутуу байлаа. Гэхдээ бид зөв мөрийн хөтөлбөр, бодлого гаргана, дээрээс нь ард түмэн бидний талд гэж итгэж сонгуульд орсон. Бидний хэрэгжүүлсэн бодлого, төлөвлөлт зөв байлаа. Мөрийн хөтөлбөр ч хүмүүст хүрсэн.
Дээрээс нь ард түмэн АН-д итгэх итгэлээ алдаагүй байсан учраас сонгуульд яллаа. Маш их мөнгөний эсрэг тэмцлээ. Үнэндээ ялах боломжгүй нөхцөл байдал дунд сонгууль болсон. Гэхдээ л бид ялж чадсан. Одоо бид үзэл баримтлалынхаа шинэчлэлийг хийхэд голлон анхаарч байна. Намын шинэ үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсэг гарсан. Хэлэлцүүлэг хийж байгаа. Үзэл баримтлал гэдэг аливаа улс төрийн намын гол амин сүнс. Үзэл баримтлал нь алдагдаад ирэхээрээ нам хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн нэгдэл болж хувирдаг.
Хэрвээ нам гэдэг утгаараа л байя гэвэл үзэл баримтлалынхаа дагуу нэгдсэн хүмүүсийн нэгдэл байх ёстой. Цаашлаад намын дэргэдэх байгууллагуудын шинэчлэлийг хийж байгаа. Намын дэргэдэх залуучуудын байгууллагаа шинэчлэх зорилго тавиад ажиллаж байна. Ажлын хэсэг гарчихсан. Тун удахгүй залуучуудын байгууллагын бүтэц, зохион байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Оны өмнө энэ шинэчлэлийг хийж дуусгахаар зорьж байгаа.
-Өнгөрсөн дөрвөн жилд АН фракцуудынхаа эрх ашгийг давж чадаагүй гэх шүүмжлэлийн бай болж байсан. Тэгвэл нам шинэчлэгдсэнээр фракцгүй болж чадаж байгаа юу?
-Одоо манай намд фракцын нөлөө бараг байхгүйтэй адилхан болсон. Мэдээж өөрийн гэсэн байр суурь, бодол, бодлоготой хэсэг бүлэг хүмүүс байгаа шүү дээ. Хаана ч байдаг зүйл. Гэхдээ нам нэгдмэл, үндсэн дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Гишүүд нь үндсэн дүрэмдээ захирагддаг л байх ёстой. Би энэ зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаа. Ямар нэг байдлаар фракц болж, намын дүрмийн бус үйл ажиллагаа явуулж буй хэнтэй ч хамтарч ажиллахгүй гэдгээ би зарласан. Харин намын үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа хэнтэй ч хамтраад ажиллахад бэлэн. Хамгийн гол нь намын нэгдмэл байдлыг хадгалах.
Үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах гэдэг зарчмыг гол болгож ажиллаж байна даа. Намайг намын дарга болсноос хойш дотоодод өрнөж байсан зөрчил эрс багассан Бүх аймаг, дүүрэг үндсэн дүрмийнхээ хүрээнд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа.
-Намын шинэчлэл эхэлснээс хойш та эх орноо цөөнгүй хэд тойрлоо. Шинэчлэл хөдөө орон нутагт хүрч чадаж уу. Байдал яаж өөрчлөгдсөн байна вэ?
-Хөдөө орон нутагт намын шинэчлэлийг маш сайн хийсэн. Аймаг, дүүрэг, суманд байгаа гишүүд, дэмжигчид намын шинэчлэлийг талархалтайгаар хүлээж авлаа. Хуучнаа бодвол гишүүд, дэмжигчид намын бодлого, шийдвэрт сэтгэл хангалуун байна. Идэвхтэй оролцож байгаа. Намын шинэчлэлийн үйл хэргийг бид улам гүнзгийрүүлэх. Анхан шатны байгууллагуудад хүргэх зорилгоор сургалт зохион байгуулж байна.
Дээрээс нь бүсийн чуулгануудыг эхлүүлсэн. Зүүн бүсийн чуулган амжилттай боллоо. 1,000 гаруй төлөөлөгч оролцсон. Төрөл бүрийн сургалтууд зохион байгууллаа. Урлаг, спортын үйл ажиллагааг ч хийсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ч хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үр дүнтэй боллоо. Яг ийм чуулганыг говийн бүсэд хийсэн. Өмнөговьд болсон энэ чуулганд 1,300 хүн оролцлоо. Бид ирэх онд бусад бүсүүдэд чуулган зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Баянгол дүүрэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Энэ үйл явдлын дараа иргэд янз бүрээр л байр сууриа илэрхийлж байна. Зарим хэсэг нь Баянгол дүүрэг хамгийн их бүтээн байгуулалт хийсэн, шагнах нь зөв гэсэн. Нөгөө хэсэг нь эсэргүүцэж. муу үг шидэж байна?
-Баянгол дүүргийг зөвхөн Эрдэнэтэй холбоотойгоор дүгнэх гэж байгаа бол өрөөсгөл. Би 1996 онд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Түүний дараа нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн энэ дүүргээс УИХ-д гурван удаа сонгогдлоо. Дахиад хэлье, Эрдэнэ гэдэг хүнтэй холбож дүгнэх гэж байгаа бол дэндүү харалган байна. Энэ дүүрэг чинь 240 орчим мянган хүнтэй. Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлж байгаа дүүрэг. Ганц жишээ хэлэхэд, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр нийслэлдээ тэргүүлсэн.
Хараат бус Олон улсын байгууллагуудын дүгнэлтээр өрсөлдөх чадварын индексээрээ тэргүүлсэн. 150 үзүүлэлтээр дүгнэж гаргахад шүү дээ. Сүүлийн таван жилийн жишгээр аваад үзвэл 420 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж, төвлөрүүлж, бүтээн байгуулалтын ажил хийсэн. Дүүргийн хэмжээнд бол энэ маш том үзүүлэлт. Ганц ч эмнэлэггүй байсан дүүрэг өнөөдөр эрүүл мэндийн салбарынхаа асуудлыг иж бүрэн шийдэж чадсан. Эрүүл мэндийн нэгдэл гэхэд өдөртөө 600-700 хүнд үйлчилж байна.
Ийм том иж бүрэн эрүүл мэндийн нэгдлийг ашиглалтад орууллаа. Дээрээс нь 150 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсон. Ахмадын эмнэлэг ч барьсан Цаашлаад хүүхдийн хоёрдугаар эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд том жижиг нийлсэн 14 эмнэлгийн барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Олон улсын эрүүл мэндийн стандарт шаардлагыг хангах дөхсөн. Нэг салбарын жишээг ярихад л ийм байна. Иргэд хүүхдүүд, ахмадууд руу чиглэсэн олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийсэн.
Сүүлийн таван жилд ЕБС-ийн сурагчдын суудлын тоог 10 мянгаар нэмэгдүүлж чадсан. Хоёр шинэ сургууль ашиглалтад орсон. Шинэ цэцэрлэгүүд үүд хаалгаа нээлээ. Жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой, 480 ортой хүүхдийн зуслан удахгүй ашиглалтад орох гэж байна. Энэ мэтээр яриад байвал олон бүтээн байгуулалтыг дурдаж болно. Энэ бүгдийг үгүйсгэх хэрэггүй. Би сошиал ертөнцөд бичиж байгаа янз бүрийн мэдээллийг харж байгаа.
-Орон сууцын дундах зайд барилга бариад, талбайгүй болгосон гэх мэтээр янз бүрээр л бичээд байгаа харагдсан?
-Орон сууцын хорооллын дундах талбайд барилга бариад байгаа юм байхгүй. Угаасаа Баянгол дүүрэг маш бага газар нутагтай. 3,000 га арай хүрэхгүй газартай. Энэ чинь дундаж тариалангийн эргэлтийн талбайтай л тэнцэх газар шүү дээ. Ийм бага газар дээр 1,800 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дээрээс нь 58 мянган айл өрх амьдарч байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн өндөр нягтаршилтай дүүрэг. Ийм дүүрэгт бид бүтээн байгуулалтыг бүх боломжоо ашиглаж хийж байгаа.
Шинээр ЕБС барих газаргүй. Аргаа барахдаа хуучин сургуулиудыг давхарлах боломжийг судалсан. Өмнөх парламентад сууж байхдаа сургуулиудын даацын судалгааг хийж, боломжтойг нь мэдэж, канад технологиор давхарласан. Ажлаа эхлэх гэж олон бэрхшээлийг давсан. Боломжгүй, шатна, дэлбэрнэ гээд л. Тэгэхээр нь онцгой байдлынхан болон мэргэжлийн хяналтын хүмүүст канад технологийг үзүүлж, "Энэ дотор шатдаг юу байна. Нэг юм шатаачих” гээд асаагуур барьж ч явлаа. Хэрвээ шатвал энэ төслөөсөө татгалзана гэдгээ ч хэлж байсан. Үнэндээ тэнд шатах юм байдаггүй.
Канад технологийн давуу тал нь хүнд даацын материал хэрэглэдэггүй. Мөн шатах материал хэрэглэдэггүй давуу талтай байхгүй юу. Тиймээс энэ технологийн дагуу бид зургаан сургуулийг давхарласан. Сургууль давхарлахад газар хэрэггүй. Дэд бүтэц, шугам хоолой шинээр татах шаардлагагүй. Зургаан сургууль давхарласнаар 9,000 гаруй хүүхдийн суудлын тоог нэмж байгаа юм.
Бид хэрвээ газартай байсан бол давхарлах шаардлагагүй. Ингэж л бүтээн байгуулалт хийж, ажилласан дүүрэг. Яах вэ, зарим нэг атаархуу, жөтөөрхүү хүмүүс байж л байдаг. Тэр болгонтой хэрүүл хийж байх зав алга. Баянгол дүүргийн хагас зуун жилийн бүтээн байгуулалтыг. Хоосон газарт бүтээн байгуулалт хийж, өнөөдрийн Баянгол дүүргийг бий болгосон хүмүүст Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг олгосон юм.
Түүнээс биш хэн нэг хүнийг алдаршуулах гэж өгсөн юм биш шүү.
-МАН-ынхан 30 хоногийн хугацаандаа багтаад Засгийн газраа байгуулах нь тодорхой. Харин дараагийн Засгийн газрыг ямар шалгуурын дагуу байгуулах ёстой вэ гэдэг дээр хүмүүс байр сууриа илэрхийлж эхэллээ. Та УИХ-ын гишүүн, нэг том намын даргын хувьд энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?
-Бид хэлээд, эсвэл хүмүүс ярилаа гээд эрх баригчид тэр дагуу ажлаа хийхгүй нь ойлгомжтой. Тийм болохоор бид олон юм яриад байх нь илүүц. Гэхдээ сөрөг хүчин, тодорхой сонгогчдыг төлөөлж байгаа төрийн түшээдийн хувьд бид шаардлагаа тавина. Нэгдүгээрт, "давхар дээл”-ээ тайлж, амлалтаа биелүүлээч гэж шаардана. Хоёрдугаарт, Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг шаардлага тавина. Гуравдугаарт, хариуцлагатай Засгийн газар байгуулах ёстойг шаардана. 60 тэрбумаар төрийн албыг наймаалцсан гэдэг асуудал одоо ч яригдаж байгаа.
Энэ оргүй биш гэж би харж байна. Ортой. Хүмүүс ил тод ярьж байгаа. Төрийн албыг үнэлж зарсан бодит үйл явдал гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Хамгийн гэнэн нь хууль хүчний байгууллагууд энэ хэргийг шалгахдаа албан тушаалтнуудаас "Энэ суудалд суухдаа мөнгө төлсөн үү” гэж асуусан байгаа юм. Заримыг дуудаж, нөгөө хэсгээс нь утсаар асуусан гэсэн. Авлига өгсөн нь ч, авсан нь ч шоронд явдаг хуультай улсад "Би авлига өгсөн, авсан” гэж хэлэх тэнэг хүн гарах уу.
Энэ мэтээр төрийн нэр хүндийг унагасан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарчихсан цаг үед асуудалд илүү хариуцлагатай, нарийн хандах ёстой. Шулуухан хэлэхэд 2016 оны сонгуулийн дараа мэргэжлийн биш наймааны Засгийн газар л байгуулагдсан. Харин одоо энэ алдаагаа засаад, мэргэжлийн биш юм аа гэхэд хариуцлагатай Засгийн газар байгуулаач гэдэг шаардлагыг тавина.
-Та ямар ч тохиолдолд АН Засгийн газарт орж ажиллахгүй гэдэг байр сууриа илэрхийлчихсэн байгаа. Гэхдээ эрх баригчдын зүгээс ямар нэг байдлаар санал тавьсан тохиолдолд яах вэ?
-Би дахиад хэлье, ямар нэгэн хэлбэрээр Засгийн газарт орохгүй. Хамтрахгүй. Ямар нэгэн хэлбэрээр гэдэг чинь аль ч тохиолдолд засагт орохгүй л гэсэн үг. Энэ манай намын хатуу байр суурь. Бид сөрөг хүчин хэвээр ажиллаж байгаад дараагийн сонгууль хүргэнэ. Өнөөдрийг хүртэл аль ч нам нь ашиг хонжоо харсан байдлаар эсрэг намынхаа "өвөр” рүү гүйгээд орчихдог тохиолдол гарч байсан. 2012-2016 он хүртэл МАН манай намын тэргүүлж байсан Засгийн газарт орж ажилласан. Өмнөх дөрвөн жилд нь АН орж ажилласан.
Ингэж ажиллахаар Засгийн газар хэзээ ч тогтвортой байдаггүй юм билээ. Дээрээс нь ард түмэн хоёр том нам нийлж идлээ, уулаа, устгалаа, сөнөөлөө гэдэг. Энэ яриа гарах шалтгаан чинь хамтарсан Засгийн газар гэж байгуулснаас л болсон. Тийм болохоор сөрөг хүчин нь сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлье. Эрх баригч нь хариуцлагатай засаглаад явъя гэдэг зарчим байх ёстой. Дахиад эрх баригчид хоорондоо зөрчилдөөд, засаг нь тогтворгүй болох нөхцөл үүсэх магадлал байж болно.
Гэхдээ АН тэр боломжийг ашиглаж засагт орох алхам хийхгүй. Хоёрдугаарт, болж өгвөл Засгийн газар тогтвортой байх нь зөв гэсэн байр суурийг л барина. Зөв ажил хийвэл дэмжинэ. Буруу бодлого баривал эсэргүүцнэ.
-Та саяхан дэд сайдын асуудалд байр сууриа илэр-хийлсэн. Түүний дараа зарим дэд сайдууд өөр дээрээ тусгаж аваад, янз бүрийн юм яриад байна. Уг нь нэр цохоогүй санагдах юм?
-Би уг нь нэр цохож хэлээгүй. Гэхдээ төрийн сайд гэдэг чинь маш их нэр хүндтэй, өндөр. үүрэг хүлээсэн албан тушаал шүү дээ. Хэн дуртай нь тэнд очоод суучихдаггүй байхгүй юу. Гэтэл сүүлийн Засгийн газрын дэд сайдуудыг харж байхад хийх ажилгүй. Чиг үүрэг нь тодорхойгүй. Ямар үүрэгтэй нь мэдэгдэхгүй л байна. Яах вэ, аль ч нам олонх болоогүй, эвслийн Засгийн газар байгуулах нөхцөл үүссэн дэд сайдтай байх шаардлага гардаг.
Тухайн яамны сайдаар нэг хүн томилогдлоо гэхэд дэд сайдаар нь нөгөө намынх нь хүн ажиллаж, хамтын удирдлагын хэлбэрийг хэрэгжүүлэх боломж бүрдүүлдэг. Харин нэг нам олонх болсон үед бол дэд сайд ямар ч шаардлагагүй. Энэ бол "бялуу” хүртээх л хэлбэр. Эдийн засаг хүндэрчихлээ гээд л яриад байгаа. Хэрвээ хүнд байгаа юм бол 16 дэд сайдаа болиулаад, хүүхдийнхээ мөнгийг өгөөч дээ. Бид хүүхдийн мөнгийг өгүүлэхийн төлөө л ажиллаж байгаа. Хууль зөрчөөд мөнгө олгож байхад бид дуугараагүй.
Төсөвт батлагдаагүй эх үүсвэрээс улс төрийн зорилгоор хүүхдийн мөнгийг өгсөн шүү дээ, тэд. Бидэнд ямар зорилгоор, яаж мөнгө гаргаж тавьсан нь сонин биш. Гагцхүү тэр мөнгө хүүхдэд очиж байгаа нь сонин учраас юм дуугараагүй. Жиргээч дэд сайд гэдэг бол үнэн шүү дээ. Твиттерт ороод харахад, нэр бүхий хэдэн хүн байнга юм бичээд. Сошиалын хэдэн залуустай хэрүүл хийгээд л байх юм билээ. Яасан ч завтай юм. Хийх ажилгүй хүмүүсийн л хийдэг юм байх даа, бодвол. Төрийн ёс жаяг гэж байна. Төрийн хүний амнаас гарч байгаа үг ямар байх ёстой билээ. Хариуцлага гэж бий. Яагаад тэр бүхнийг боддоггүй юм.
-Яамдын тоог нэмж, чиг үүргийнх нь дагуу хуваана гэсэн мэдээлэл гараад байна. Заавал яамдын тоог нэмж, чиг үүргийнх нь дагуу салгах хэрэг байна уу?
-Засгийн газрын бүтцэд ямар байх вэ. Хэдэн яамтай байх уу гэдгийг би хувьдаа нэг их ач холбогдолтой гэж боддоггүй. Гол нь тэр Засгийн газар ажиллах чадамжтай байх ёстой. Тухайн газрын бүтцэд байгаа яам, агентлагуудын чиг үүрэг нь тодорхой, ажил гүйцэтгэх чадвар өндөртэй байх хэрэгтэй. Өөрсдийнх нь яриад байгаагаар бол мэргэжлийн байх ёстой гэсэн үг. Түүнээс биш нэг засаг гарахаараа л баахан яам салгаж, нийлүүлдэг. Дараагийнх нь бас адилхан өөрчлөлт хийдэг байвал хэцүү шүү дээ. Тэр болгонд хамгийн их хохирч байгаа нь төрийн албан хаагчид.
Бүтцийн өөрчлөлт нэрээр дургүй хүнээ халдаг. Оронд нь танил тал, нам эвслийнхээ хүмүүсийг бөөн бөөнөөр нь авдаг. Зарим тохиолдолд өс хонзонгийн сэдэлтэйгээр хүртэл халдаг. Чи тэр намд байсан бил үү гэх мэтээр. Монгол чинь нэгдмэл улс биз дээ. Холбооны улс биш. Холбооны улс байсан ч нэг л хуульд захирагддаг. Монгол нэгдмэл улс юм бол төрийн бодлого нь иргэн бүрийнхээ эрх ашгийг хамгаалсан байх ёстой. Аль нэг намын гишүүн байхаараа иргэнийхээ эрхийг хязгаарлуулж, хасуулах хэрэг үү. Сүүлдээ энэ нь ердийн үзэгдэл болчихлоо. Ийм байж болохгүй ээ.
-Танай нам их халсан. Манайх бага халсан гээд л хэрэлдээд байдаг байх аа?
-2012-2016 онд тодорхой удирдлагын төвшинд өөрчлөлт хийсэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрнө. Түүнээс биш төрийн албан хаагчид халдаж. халаа сэлгээ хийгээгүй шүү дээ. Сая бол арай л уваагүй байлаа. Үндсэндээ 30 орчим мянган төрийн албан хаагчийг халсан. Аль нэг намын үед ажилд орсныхоо төлөө халагдаж байна. Хэн нэгний хамаатан байсныхаа төлөө ажилгүй болдог. Ийм байж болохгүй ээ. Хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг байж Ардчилсан Монгол Улс оршино. Түүнээс биш хувь хүний эрх чөлөө рүү нулимж байгаа цагт хэзээ ч ардчилсан гэдэг тодотголыг авч чадахгүй.
-ОУВС-ийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдсан. Харин Засгийн газар огцорсонтой холбоотойгоор дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихлаа. Үүнтэй холбоотойгоор олон хүн байр сууриа илэрхийлж, зарим нь Монгол Улс хэцүүдэх нь гээд байна. Манай улс энэ хөтөлбөрөөс татгалзаад, өөрсдийнхөө боломжоор эдийн засгаа босгоод явах боломж байхгүй юм уу?
-Манай улсад өөрсдөө асуудлаа шийдээд явах боломж бүрэн дүүрэн байгаа. ОУВС-гийн ямар нэг хөтөлбөр өвчин тахалд нэрвэгдсэн, эдийн засгийн гүн хямралд орсон, дайн болсон орнуудад голдуу хэрэгждэг юм. Монгол Улсын хувьд тийм хүнд байдалд ороогүй байсан шүү дээ. 2016 оны зургаадугаар сарын байдлаар эдийн засгийн өсөлт +1.3 хувь байсан. Тэрбум гаруй ам.долларын гадаад валютын нөөцтэй улс хүлээлгэж өгсөн, бид.
Гэтэл сонгуулийн дараа гарч ирээд гадаад валютын нөөц байхгүй, хасах гэж зарлаад ам.долларын ханш яаж дээшээ өслөө. 1,960 байсан ам.долларын ханшийг 2,700 хүртэл хөөрөгдсөн. Түүнийгээ багахан буулгаад, 2,460 орчим төгрөгт хүргэчхээд, ам.долларын ханшийг бууруулсан гэж яриад байх юм. Би ерөөсөө ойлгохгүй байгаа. 1,960 байсан ам.долларын ханшийг өсгөчхөөд, буцаагаад 200 гаруйхан төгрөгөөр бууруулснаа гавьяа байгуулсан гэж ярьж болохгүй биз дээ. Хоёрдугаарт, Монгол Улсын зээлжих зэрэглэл В байсан.
Гэтэл Сангийн сайд гарч ирээд, Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэх нь гэж зарлаад, зээлжих зэрэглэлийг хоёр удаа буулгасан. Хасах руу орсон. Энэ бүх гайг хэн хийсэн юм. Нөгөө "Бясаагаа алах гээд байшингаа шатаалаа” гэдэг л болсон. АН-ын засагласан үеийн бүх ажлыг харлуулах гэж хэт улайрсны гай. Сүүлдээ аргаа бараад, эдийн засаг нь туйлдаад эхлэхээр сандрахдаа ОУВС дээр хадаг барьж гүйж очсон. Монгол шиг өргөн уудам нутагтай, байгалийн асар их баялагтай улс ОУВС-аас санхүүжилт авсан ч яалаа, байсан ч яалаа. Манайх эдийн засгийн хангалттай чадавхтай улс. Хамгийн гол нь уул уурхайд тавих хяналтаа чангатгах л хэрэгтэй.
Оюутолгойгоос өдөрт хэдэн тонн баяжмал экспортолж байгаа юм. Хэчнээн ам.доллараар зарж байна. Түүнийгээ яг бодитоор тайлагнаж чадаж байгаа юм уу, үгүй юм уу. Миний сонссоноор Оюутолгой олон улсад, компани дотроо, Монголын Засгийн газарт зориулсан гээд гурван төрлийн тайлан гаргадаг гэнэ билээ. Бид байгалийн баялгаа ашиглуулчхаад, тухайн компани нь "Бид өдөрт тэдэн тонн хүдэр олборлож байна” гэсэн тайлан гаргаад өгөхөөр түүнд нь итгээд, татвараа ногдуулаад явж байгаа улсыг чинь юу гэх юм бэ.
Ямар ч хяналт байхгүй. Монголын Засгийн газар Оюутолгойд хяналт тавих нь битгий хэл нэвтрэх ч эрхгүй шүү дээ. Инээдтэй л байгаа. Оюутолгой гэдэг вант улс тэнд бий болчихсон. Монголын Засгийн газрын ямар ч хяналт тэнд байхгүй. Дээрээс нь зэсийн баяжмалыг дагаад гарч байгаа ховор металлууд байна.
Алт, мөнгө, өөр юу байдаг юм. Яг хэдэн тонн алт, мөнгө гарч буйг хэн ч мэдэхгүй. ОУВС-гийн үнэн нүүр царайг би нэг л зүйл дээр харсан. Өнгөрсөн хавар УИХ-аас Оюутолгойн орлогыг Монголбанкаар дамжуулах тогтоол гаргасан. Тэр тогтоол гарахтай зэрэгцээд ОУВС хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн хугацааг хойшлуулсан. Яагаад ОУВС "Рио Тинто” гэдэг компанид шууд үйлчилж байгаа юм. Үүний ард ямар зорилго байна вэ. "Рио Тинто” гэдэг чинь нэг улсын хувийн компани шүү дээ. Гэтэл ОУВС яагаад үйлчилж байгаа юм.
Гэтэл түүнийх нь өмнө Монголын төр арчаагүй загнаж, бууж өгөөд, тогтоолоо цуцалсан. Ингээд "Рио Тинто” валютынхаа урсгалыг Монголоос гадуур явуулж байна. Хэчнээн тэрбум ам.доллар аль банкаар ороод, хаашаа гарч байгаа юм, бүү мэд. Хөрөнгө оруулалтад тавьж байгаа ямар ч хяналт алга. Тусгаар тогтносон улс мөн юм бол гэрээндээ хяналт тавих хэрэгтэй. Би Оюутолгойн гэрээг анх хийж байхад нь эсэргүүцсэн. Тэр үеийн Эдийн засаг, эрдэс баялгийн сайдыг огцруулах саналыг гурван удаа УИХ-д тавьж байсан.
Монголын баялгийг гадаад, дотоодын луйварчдад өгсөн дээрмийн гэрээ байна гэж үзсэн учраас тэр. Одоо ч тэр байр суурин дээрээ байгаа. Одоо байгаа байгалийн баялгаа зөв тооцоод, олборлолт, борлуулалт дээр нь хяналтаа тавьж чадвал гадаадаас нэг ч төгрөг гуйх хэрэггүй. Байгалийн баялгийн ашгаас ард түмэндээ хэд л бол хэдэн ам.долларын цалин өгөх боломж бүрэн бий. Ерөнхийлөгч Х.Баттулгын яриад байгаа чинь хий хоосон улс төрийн шоу биш шүү дээ.Гурван сая монголчууд биш 30-хан гэр бул хагартлаа баяжаад байна.
Тэр 30 гэр бүл нь тултал авахгүй байгаа. Тэдэнд хүртээж байгаа өчүүхэн төдий хэсгээс л хагартлаа баяжиж байна. Харин 90 хувийг нь гадаадын дээрэмчид аваад гараад явчхаж байгаа. Ийм байдлаар явбал улс орон өөдлөхгүй. Тусгаар тогтносон улс байя гэвэл бид өөрсдийнхөө баялагт хяналт тавьж чаддаг байх ёстой. Бид тэднээс илүү авах гээгүй. Бодит орлого, зарлагадаа хяналт тавья. Авах ёстой татвараа авч, ашгаа хүртье л гэсэн.
Яахаараа бидний баялгийг аваад, дээрээс нь ногдох ёстой ашгийг булаах ёстой гэж. Ийм байж болох уу. Тэгчхээд юуны чинь ОУВС. Аврал хайгаад, хадаг барьж очоод байгаа ОУВС нь дээрэм хийж байгаа компанид ил тод үйлчлээд. Хамсаатан гэдгээ ил тод зарлачхаад байхад бууж өгөөд, тогтоолоо хүчингүй болгоод байх юм. Хэзээ Монгол хөгжих юм бэ. "Рио Тинто” компанид үйлчилдэг ОУВС Монголыг хөгжүүлэх үү, тийм юм байдаггүй байхгүй юу.
Н.Пунцагболд
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
С.Эрдэнэ: "Рио Тинто"-д үйлчилдэг ОУВС Монголыг хөгжүүлэх үү, тийм юм байхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани