Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн тээрмүүд хүчтэй эргэлдэнэ. Эргэлдэхдээ ихээхэн дуу чимээ үүсгэх агаад хоёр хүн 20 см-ийн зайнаас хашгирч яриад ч ойлголцоход бэрх. Аварга том хоёр тээрэм хүржигнэн эргэлдэж байгаа нь хүдрийг нунтаглаж, 0.3 см диаметртэй болгож буй үйл явц аж. Баяжуулах үйлдвэрийн хамгийн анхны дамжлага нь энэ. Хоёр аварга тээрэм хэмжээгээрээ Ази тивд хоёрдугаарт орох эд гэнэ. Угаасаа Оюутолгойн ордын нөөц, уурхай, баяжуулах үйлдвэр нь Ази тивд бүү хэл, дэлхийд эхний тавд эрэмбэлэгддэг учир гайхах хэрэггүй. Анхдагч тээрэм гэж нэрлэдэг аварга хоёрын нэг л нь өдөрт 50 мянган тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай.
Хоёул нийлбэл 100 мянган тонныг нунтаглах хүчин чадалтай аж. Энэ бол "Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийн хүчин чадлын хэмжээ юм. Аварга том тээрмүүдийг баяжуулах үйлдвэрийн "шүд” гээд ойлгочих. Энэ хоёроор дамжихгүй бол хүдрийг баяжуулах өөр ямар ч аргагүй. Хүн шүдээрээ зажилж жижиглэж хоол иддэгтэй яг адил. Хоёр аварга тээрэм одоогийн байдлаар өдөрт 70 мянга орчим тонн хүдэр нунтаглаж байгааг баяжуулах үйлдвэрийн ажилтан Н.Батчулуун ярив. Нунтагласан хүдрийг нь арай бага овортой дөрвөн тээрэм 159 микрометр болтол нунтагладаг байна. Ингээд нунтаглах үйл явц дуусна. Төмөр мэт хатуу уулын чулуулгийг гурил шиг жижиг ширхэгтэй болгон нунтаглаж байна гэсэн үг. Дараагийн дамжлага нь баяжуулах. Өөрөөр хэлбэл, хүдрээс зэс, алт, мөнгийг нь ялгаж авах дамжлага юм.
Баяжуулах үйлдвэрийн тээрмүүд
Баяжуулах үйлдвэрийн уужим зайтай цахилгаан шатаар удирдах төвийг нь сонирхохоор өгсөв. Ер нь Оюутолгойн уурхайн машин механизм, үйлдвэрийн тоног төхөөрөмж төдийгүй цахилгаан шат нь хүртэл аварга эд аж. Том хэмжээ, хүчин чадал ихтэй тоног төхөөрөмжөөр "зодож” өндөр бүтээмж бий болгодог нь харваас илт. Үйлдвэрийн удирдлагын төвд гадаадын голдуу 10 орчим ажилтан ажиллаж байлаа. Тэд ямар нэгэн үйл явцын өрнөлийг харуулсан дэлгэцийг цоо ширтэнэ. Үйлдвэрийн үйл явцыг цахимаар удирдаж, хянаж буй нь тэр. Тоног төхөөрөмжид засвар хийх, баяжмалыг савлах, ачихад л гар ажиллагаа оролцохоос бусдаар бүгдийг компьютер удирддаг байна. Удирдлагын төв рүү гаднын хүн дураар орохыг хориглодог бөгөөд шилэн хоргоны цаанаас сонжих боломжтой. Үйлдвэрийн удирдлагын төв байрлах давхрын цонхоор "Оюутолгой” төслийн талбай алган дээр тавьсан мэт харагдав. Баяжуулах үйлдвэрээс урд зүгт хоёр нь дугуй, хоёр нь дөрвөлжин хэлбэртэй дөрвөн усан толио үзэгдэнэ. Дугуй хэлбэртэй хоёр нь хүдрийн хаягдал лагийг өтгөрүүлэх, усыг нь шүүрүүлэн авах хэсэг аж. Усыг дахин ашиглахын тулд ингэж шүүрүүлдэг гэнэ. Хоёр дөрвөлжин усан толио нь дахин ашиглах ус юм байна. Оюутолгойн баяжуулах үйлдвэр өнгөрсөн жил 63 сая шоо метр ус хэрэглэжээ. Үүний 54 сая тонныг буюу 83 хувийг нь эргүүлэн ашигласан байна. Лаг өтгөрүүлэгч хоёр сангийн хажууд газар хонхойлгон дугуй хэлбэр үүсгэсэн байв. Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 50 мянган тонноор өргөтгөх боломжтой гэнэ. Үйлдвэрийг өргөтгөсөн цагт дахин нэг өтгөрүүлэгч барих газрыг урьдчилан бэлтгэсэн нь тэр аж.
Баяжуулах үйлдвэрээс чанх урд зүгт, нэлээд алсад анхдагч бутлуурт 320 тоннын даацтай, гурван давхар байшин мэт том "Комацу” брэндийн хүнд даацын машин хүдэр буулгаж байлаа. Хүнд даацын 28 "Комацу” уурхайн амнаас хүдэр зөөж, бултуурт буулгадаг гэнэ. Бутлуур уулын чулуулгийг ойролцоогоор 25 см-ээс бага хэмжээтэй болгож жижиглэдэг байна. Жижиглэсэн хүдрээ туузан дамжуулгаар баяжуулах үйлдвэрийн агуулахад зөөж авчирна. Бутлуураас баяжуулах үйлдвэр хүрдэг туузан дамжуулга 2.7 км урт санж.
Баяжуулах үйлдвэрээс өмнө ил уурхайтай нь танилцсан юм. 400 орчим метрийн диаметртэй, 110 метр орчим гүн уурхайн аман дээр зогсоход Хоргын тогооны амсарт буй мэт мэдрэмж төрнө. Уурхайн ухагдсан байдал Хоргын тогооны гүнтэй ойролцоо ажээ. Ил уурхайн ажилтан Г.Ариунболд уурхайн ам хорин жилийн дараа ямар болох тухай төсөөллөө ярив. Уурхайн ам 650 метр гүнзгийрэх бол тогооных нь урт 2.7 км, өргөн 1.5 км болж тэлсэн байх гэнэ. Ил уурхайн нөөц ч тухайн үед бараг дуусах тооцоотой гэв. Хүдэр олборлолт, бутлуур, агуулах, анхдагч тээрэм, бөөрөнцөгт тээрэм гэсэн дамжлагуудыг гэтлээд баяжуулахад бэлэн болдог байна. Цонхоор харах аяллаа өндөрлөөд үйлдвэрийн баяжуулах хэсэгт хөл тавилаа. Уужим барилга дотор 60 орчим том торх эгнүүлжээ. Торнууд дотор ус "буцална”. Тэр торхнууд бүгд цамцтай. Арай том торхон дотор жижиг торх хийсэн мэт давхар ханатай торхыг монголчууд цамцтай гэж ярьдаг даа. Яг тийм торхнууд байв. Торхтой усанд хөөсрүүлэгч бодис, хүдрээ хийгээд сэнсээр эргүүлдэг аж. Ус хөөсрөх нь буцлах мэт харагдана. Хөөс нь ашигт малтмалыг өөртөө наалдуулан дэвэрч, түүнийг нь хамж торхны цамцан завсраар урсгадаг аж. Баяжмалтай хөөсийг хамж авч гадна талын давхар торхонд хийж байгаа гэсэн үг.
Энэ аргыг хөвүүлэн баяжуулах гэж нэрлэдэг. Зэс, алт, мөнгө нь хөөсөнд наалдан хөвөн гарч ирж байхад чулуулгийн ширхэг нь лаг шавар болон торхны ёроол руу живнэ. Оюутолгойн баяжуулах үйлдвэр баяжмалаа шүүж уснаас салгадаг аж. Шүүхдээ бяслаг шахахтай адил технологийг хэрэглэж байсан. "Шингэн” баяжмалыг хоёр талаас нь шахаж усыг шавхаж харагдав. Ингээд бага зэргийн чийг даасан зэсийн баяжмалыг туузан дамжуулгаар агуулах руу тээвэрлэнэ. Тэндээс савлагааны хэсэгт хүргэх аж.
Энэ хэсэгт Ханбогд суманд үйлдвэрлэсэн хоёр тоннын багтаамжтай шуудайд баяжмалыг уутлах аж. "Product in Mongolia” (Монголын бүтээгдэхүүн) гэсэн бичигтэй цагаан шуудайг Ханбогд сумын гурван үйлдвэрээс нийлүүлдэг гэсэн. Одоогийн байдлаар Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн савлагааны хэсэг өдөрт 1000 шуудайд баяжмал савлаж байгаа аж. Савлах хэсэгт уут баяжмал бүрээс дээж авч байв. Ууттай баяжмал дахь зэс, алт, мөнгөний хэмжээ хэд байгааг тогтоохоос гадна худалдан авагч болон улсын хяналтын лаборатори руу явуулах зорилгоор ийн дээж авдаг гэнэ. Савлаж дээж авсны дараа баяжмалыг экспортлоход бэлэн болно.
"Оюутолгой” компанийн худалдааны гэрээ бага зэрэг саатсанаас шалтгаалан шуудайлсан баяжмал ихээр хуримтлагджээ. Хураасан баяжмал ордын талбайд энд тэндгүй тааралдаж байлаа. Саяхнаас худалдан авагчидтай тохиролцоонд хүрч, гэрээ хийснээр баяжмалаа тээвэрлэж эхэлжээ. Оюутолгойн баяжмалыг тээвэрлэдэг "MCPL” компанийн жолооч С.Болдбаатарын ярьснаар долоо хоногт хоёр удаа баяжмал ачсан 80 машин хил давж байгаа аж. Нэг машинд 36 тонн баяжмал ачдаг гэсэн. Тэгэхээр долоо хоногт 6000 орчим тонн баяжмал экспортолж буй тооцоо гарч байгаа юм. "Оюутолгой” компани энэ жилд 100-135 мянган тонн баяжмал дахь зэс экспортлох төлөвлөгөөтэй. Үүнийхээ 75 хувийг худалдах гэрээ байгуулаад буй гэнэ. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөж болзошгүй тул тохиромжтой үеийг хүлээхээр 25 хувийг борлуулалгүй үлдээжээ.
Баяжмалыг савлан дээж авч байгаа нь
"Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг зэсийн баяжмалын хэмжээгээр нь тооцож ирсэн. Тэгвэл "Оюутолгой” нь баяжмал дахь зэс гэсэн ойлголтыг гаргаж тавилаа. Дунджаар нэг тонн баяжмалын 26.4 хувийг зэс эзэлж байна гэсэн тооцоог тус компанийнхан гаргажээ. Тонн баяжмалын дөрөвний нэг нь зэс гэсэн үг. Ингээд тооцвол "Оюутолгой” компани нь энэ жил 600 мянга орчим тонн баяжмал экспортлох төлөв харагдаж байна. "Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил 567 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон тухай тайлангаа танилцуулсан. Харин баяжмал дахь зэсийн агууламж нь хэдэн хувь байдаг нь тодорхойгүй байгаа. Юутай ч энэ жил "Оюутолгой” компанийн үйлдвэрлэл "Эрдэнэт”-ийнхээс давах бололтой. Бид дахин нэг "саалийн үнээ”-тэй болно гэсэн үг. Мөн "Оюутолгой”-н тонн баяжмал дунджаар 0.49 гр алт, 1.52 гр мөнгө агуулж байгааг нэгдүгээр улирлын тайландаа дурджээ. Тэгвэл энэ жил ойролцоогоор 249 кг алт, 912 кг мөнгө экспортлох боломжтой санж.
"Өндөрлөг” гэж нэрлэдэг шороон овоолго дээр гарч "Оюутолгой” төслийн талбайг тольдлоо. Овоолгын урд талд далд уурхайн гурван босоо ам харагдана. 60 тонн ачаа даах өргөгчтэй баригдах хоёрдугаар босоо ам 20 давхар барилгын дайтай байв. Энэ босоо амыг ухаж байгаад гүний уурхайн ажил зогссон гэсэн. Далд уурхайн 1000 метрийн гүнд 50 км урт хонгил ухах учиртай гэнэ. 14 км хонгил ухаад ажил нь зогсчээ. Далд уурхай байгуулах буюу төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг манай Засгийн газар түр хойшлуулсан. Гэвч "Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшигч "Рио Тинто”-той нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй жил гаруй ярилцаж байна. Энэ оны эхний улиралд санхүүжилтийг эхлүүлэхээр ярьж байсан ч дахин хойшлох бололтой. "Оюутолгой” төслийн талбайд зорчих зууртаа "Mongolia mining journal” сэтгүүлээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн "Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал бичсэн захидлыг олж уншив.
Захидалд "... зээлдүүлэгчдээс зээлийн баталгааны хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулахыг шаргуу хүссэн хэвлэлийн мэдээний саналыг эрхэм Жин Себастьянаас хүлээж авсан. Төслийн санхүүгийн хугацааг ийнхүү уртасгаж байгаа итгэлтэй бус хандлагад харамсаж байна” гэсэн өгүүлбэр дурайж байлаа. Босоо амыг хамгаалалтын бололтой хоёр хүн тойрон алхаж харагдлаа. Өөр хэн ч алга. Энд 1700 хүн ажиллаж байсан гэнэ билээ. Одоо "Оюутолгой” төслийн талбайд 2800 хүн ажиллаж байгаа гэнэ. Далд уурхайн ажил зогссоноор төслийн талбайд хөл татарсан гэсэн. "Оюутолгой”-н хоёр дахь шатны санхүүжилт манай улсын суларч буй эдийн засагт сэргээш шиг хэрэгтэй байгааг эдийн засагчид ярьсаар яваа. Энэ үг хаданд хашгирсан цуурай шиг замхрав бололтой. Ойлгомжтойгоор өгүүлэхэд "Оюутолгой”-н одоо цаг иймэрхүү байв.
Т.ЭНХБАТ
Эх сурвалж: Өнөөдөр