"Альтайр Гоулд” компани Сүмбэр сумын хаяанд, өвөлжөө, тариалангийн талбай дунд алт ухах гэж байнаТөв аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Баруун тахилгат уулын энгэр гэх газарт "Альтайр гоулд” компани алт олборлохоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. "Альтайр гоулд” компанийн алт олборлох уурхайн талбайгаас Сүмбэр сумын төв хүртэл ердөө таван километрийн зайтай.

Мөн тус уурхайн ашиглалтын лицензийн талбайд тариалангийн талбай, малчдын өвөлжөө хүртэл хамрагдаад байгаа гэнэ. "Альтайр гоулд” компани хоёр метр өндөртэй төмөр хашаа барьж, малчид өвөлжөөндөө очиж чадахгүй, тариалангийн компани тарьсан улаан буудайгаа хураан авч чадахгүй байдалд оржээ. Энэ талаар сурвалжлахаар өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн Сүмбэр сумыг зорилоо. Сүмбэр сумын II багийн нутаг Баруун тахилгат уулын энгэрт байрлах "Альтайр гоулд” гэх алтны компанийн ашиглалтын лиценз эзэмшиж байгаа талбай дээр очлоо. Алтны компанийн хашааны гаднаас Сүмбэр сум тэр чигтээ харагдах аж. Сүмбэр сумын баруун хойд талын уулын энгэрийг тэр чигт нь хашаалжээ.Мөн "Өгөөж сүмбэр” компанийн тариалангийн талбайн дундуур өндөр хашаа барьсан байв. Хашаалсан байдлаас харахад мянга гаруй га газарт олборлолт хийх нь тодорхой харагдаж байв. Өнгөрсөн сарын сүүлчээр тус компанийнхан техник, тоног төхөөрөмжүүдээ авчирсан гэнэ. Хэзээ мөдгүй газар шороог хөндөж, олборлолтоо хийхээр зэхжээ. Компанийн ажилтнуудтай уулзах гэсэн боловч, хамгаалалтын албаныхан "Манай захирал хашаа руу гадны хүн оруулж болохгүй гэсэн. Энд та нартай уулзаад байх хүн байхгүй. Компанийн ажилтнууд техник засварын ажил хийж байгаа” гэв.

"АЛЬТАЙР ГОУЛД” КОМПАНИ АЛТ ОЛБОРЛОХ ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВСАН УУ

"Альтайр гоулд” компани 2009 онд Сүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Баруун тахилгат уулын энгэр гэх газарт хайгуулын лиценз авсан байна. Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг үүний дагуу хайгуул хийх зөвшөөрөл өгсөн байна. Дээрх компани сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын шийдвэрээр хайгуулалтын лиценз эзэмших эрхээ авсан гэх мэдээлэл байдаг. Ашигт малтмалын газарт "Сүмбэр суманд хурал хийсэн. Иргэд тус компанийг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн” гэх хурлын протокол, Засаг дарга, ИТХ-ын дарга нарын гарын үсэг тамга тэмдэг бүхий бичиг баримтыг бүрдүүлээд өгсөн байдаг. Үүнийх нь дагуу Ашигт малтмалын газар хайгуул хийх зөвшөөрөл өгсөн. Мөн ашиглалтын лиценз эзэмших зөвшөөрлийг ч дээрх бичиг баримтыг үндэслэн өгсөн байдаг аж. Гэтэл Сүмбэр суманд "Альтайр гоулд” компанид хайгуулын лиценз олгох ямар нэгэн хурал 2009 онд болж байгаагүй гэнэ. Дээрх компани хайгуулын лиценз эзэмшиж байгааг огт мэдээгүй аж. Одоогоос гурван жилийн өмнө "Сүмбэр суманд алт гарч байна. Хүрз шорооноос бараг атга алт гарч байна. Алтны маш их судал Сүмбэр сумын нутагт байна” гэх яриа нинжа нарын дунд тархсан байдаг. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Зүүнхараа, Баруунхараа, Шарын гол, Орхон аймгаас мянга гаруй хүн хэдэн өдрийн турш бужигнаж байгаад явжээ. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж ирэхдээ "Альтайр гоулд” компанийн лицензтэй талбай байна хэмээн мэдэгдсэн аж. Ингээд л сумынхан гэнэт хаанаас ямар компани нутгийн иргэдэд огт мэдэгдэлгүй лиценз эзэмших болов гэдгийг бие биенээсээ асууж тодруулжээ. Ингээд ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Альтайр гоулд” компани 2009 оны тавдугаар сарын 9-нд 999 га газрын лиценз авсан байжээ. Тиймээс иргэд тус компанийн удирдлагуудтай холбогдох гэсэн боловч албан байр, шуудангийн хаяггүй, хэн эзэмшдэг нь ч тодорхойгүй байсан аж. Ийн байсаар арай гэж тус компанийн төлөөлөгчтэй холбогдсон байна. Виктор гэх хүн ирээд "Хүмүүс энд газар ухаж л байг” гэж хэлчихээд яваад өгсөн аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар "Альтайр гоулд” компанийнхан өөрсдөө нинжа нарт их алт гарч байна гэсэн худал мэдээлэл тараасан. Ингээд нинжа нар бага хэмжээний алт олборлож, тэр хавийн газрыг сүйтгэсэн. Үүний дараа компанийнхан өөрсдөө ухаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд их хэмжээний алтны нөөцтэй газруудад компаниуд эхлээд нинжа оруулж ухуулдаг. Нинжа нар газрыг орвонгоор нь эргүүлж ухсаны дараа компаниуд өөрсдөө ордог жишиг тогтоод байгаа. Нутгийн иргэдэд нинжа нар ухсан газрыг би ашиглаж байгаа. Нинжа нар суманд ямар ч мөнгө өгөхгүй. Бид мөнгө өгнө гээд хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулдаг. "Альтайр гоулд” компани ч гэсэн энэ технологиор явж байна” гэв.

"НУТГИЙН ИРГЭДИЙГ ИНГЭЖ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ. СУМЫН ТӨВИЙНХӨӨ ХАЯАНД АЛТ УХУУЛААД ДУУГҮЙ СУУНА ГЭЖ БАЙХГҮЙ”

Өнгөрсөн сард Төв аймгийн Сүмбэр сумын 40 жилийн ой болжээ. Сумынхан ойн баяр наадамдаа бэлдээд завгүй байсан гэнэ. Ойн баярын арга хэмжээ дуусаад удаагүй байхад "Альтайр гоулд” компанийнхан гэнэт өндөр хашаа авчраад "Манай компани ашиглалтын лицензээ авчихсан. Удахгүй олборлолтоо хийнэ. Манай компанийн хашаа руу нутгийн иргэд огт орж болохгүй” гээд л хашаа барьчихсан байна. Энэ талаар Сүмбэр сумын хоёрдугаар багийн малчин Г.Батбаяртай уулзаж ярилцлаа.


-Танай сумаас таван километрийн зайд алтны компани үйл ажиллагаа явуулах гэж байна. үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа гэсэн?

-Сумын төвөөс таван километр биш ээ. Автомашин гол гатлаад тойрч явдаг болохоор таван километр байгаа юм. Сумын төвөөс тойролгүй шууд явах юм бол гурван километр ч хүрэхгүй газарт "Альтайр гоулд” компани алт олборлох гэж байна. Монгол Улсын төр засаг уул уурхайг бодлогоор дэмжиж байгааг бид бүхэн мэднэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар маш тодорхой мэдээлэл гарч байгаа. Гэхдээ арай дэндсэн асуудал болж байна. Сумын төвийн иргэдийн нүдэн дээр, гэрийнх нь хаяанд уулыг нь нураагаад алт ухаж болохгүй биз дээ. Нутгийн иргэдийг ингэж басаж доромжилж болохгүй. Сумын төвийнхөө хаяанд алт ухуулаад дуугүй сууна гэж байхгүй биз дээ. Өөр нэг шалтгаан байна. Манай сумын араар Хар эргийн гол урсдаг. Хүмүүс Загдалын гол ч гэж нэрлээд байдаг юм. Энэ голоос манай нутгийн хүн, мал бүгд уудаг. Ундны усны гол эх үүсвэр. Голын эх ундарга энүүхэн дээр байгаа. Гэтэл компани алтаа угаахын тулд гүний таван худаг барьчихлаа. Алтаа угаахын тулд хэдэн мянган метр куб ус зарцуулна. Манай сумын энэ гол шууд ширгэнэ шүү дээ. Гантай жил ус нь эрс багасчихдаг юм чинь алтны компанийн аяыг дааж чадахгүй. Хүн, малгүй усгүй болох аюултай болоод байна.

-Нутгийн малчдын таван ч өвөлжөө компанийн лицензийн талбайд орсон байна лээ. мөн тариалангийн талбайг хашаалчихсан байна. Малчдын өвөлжөө байхгүй болж байгаа гэсэн үү?

-Хууль бусаар үйл ажиллагаа эхлэх гэж байгаа мөртлөө нутгийн иргэдийг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж байна. Сумын төвийн хаяанд хүн оршуулдаг газраас 800 метр газарт алт ухна гээд байж байна шүү дээ, тэд. Нутгийн иргэд бид хайртай дотны хүмүүсээ нутаглуулсан газраа алтны компаниар хөндүүлж чадахгүй. Таван айлын өвөлжөө лицензийн талбайд орчихсон нь үнэн. Малчид та нарт өвөлжөөгөө өгөхгүй. Хэдэн үеэрээ энд өвөлжиж ирсэн гэж хэлэхээр компанийн дэд дарга нь "Чи шүүхдээд аваарай. Танайх энд өвөлжиж байсан нь ямар хамаа байна. 2009 онд манай компани газрын зөвшөөрөл авсан” гэж хэлдэг. Нутгийн иргэд өвөлжөөний газрын гэрчилгээгээ ихэвчлэн 2010 онд авсан байдаг. Малчид энэ жил өвөлжөөндөө ч бууж чадахгүй болоод байна. Буусан ч гэсэн алт ухаж байгаа газарт мал бэлчиж болохгүй. Сүмбэр сум тариалангийн гол бүс нутаг. Манай сумын иргэдийн ихэнх хувь нь газар тариалантай амьдралаа холбосон хүмүүс байдаг. Гэтэл "Өгөөж сүмбэр” компанийн тариалангийн талбайг хашаалчихлаа. Энэ жил ган ихтэй байсан. Тариа ч муу ургаж тариалангийн компаниуд их хэмжээний өр зээлэнд ороод байна. Үүнийг далимдуулаад компанийн удирдлагуудтай газраа өгчих гээд яваад байгаа сураг дуулдсан. Сүмбэр сумынхныг ингэж дээрэлхэж, доромжилж болохгүй. Манай сумынхныг уух усгүй, өвөлжих газаргүй, тариа тарих талбайгүй болгож байна. Дээр нь өвөг дээдэс, ахан дүүсийнх нь алтан шарилыг хөндөх гэж байна. Сүмбэр сум маш бага газар нутагтай шүү дээ гэв.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН ШАЛГАЛТ ХИЙДЭГ Ч ДҮГНЭЛТ ГАРГАДАГГҮЙ ГЭНЭ

"Альтайр гоулд” компанийн лицензийн талбайд одоогоор 300 гаруй тонн алт байгаа гэсэн урьдчилсан тоо гарчээ. Стратегийн орд газар биш ч улсад томоохон хэмжээнд орох алтны нөөцтэй газар гэнэ. Тус компанийн анхны эзэн нь ОХУ-ын иргэн байжээ. Гэвч цагдаагийн нөлөө бүхий хурандаа нар компанийн эзнийг нутаг буцаасан гэх мэдээлэл байна. "Альтайр гоулд” компанийн дэд захирлаар Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа байдаг аж. Тэрбээр нутгийн иргэд, сумын удирдлагуудад "Компанийнхаа талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй. Тэр та бүхэнд хамаагүй” хэмээн загнадаг гэнэ. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс байцаагчид удаа дараа шалгалтаар ирсэн боловч тус компанийн талаар ямар нэгэн дүгнэлт огт гаргахгүй байгаа гэнэ. Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга н.Батбилэг "Сумын ойн баяр болж өнгөрсөн. Одоогоор амралтаа авсан байна. Гэхдээ "Альтайр гоулд” компанийн талаар сумынхаа иргэдтэй уулзаж, хуралдана. Иргэдийнхээ саналаар цаашид тус компанитай хамтран ажиллах уу, үгүй юү гэдгээ шийднэ. Одоогоор Сүмбэр сумын ИТХ-тай ирж уулзаагүй байна. Төрийн ажлыг үл хүндэтгэсэн байдалтай хандах зүйл ажиглагдсан. Ийм байдлаар хандаж байгаа компанитай хамтран ажиллаж, нутгийнхаа газар шороог ухуулахгүй” гэв. Төв аймгийн Сүмбэр суманд "Альтайр гоулд” компани ийнхүү хууль бусаар үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Малчны өвөлжөө, тариалангийн талбай сүйтгэж, Сүмбэр сумын хаяанд алт ухах гэж байгаа компанийн удирдлагууд эрх мэдэл, хууль хяналтын байгууллагаар иргэдийг нь далайлгаж байгааг тус нутгийнхан ярьж байлаа.