- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Үнэ хүлээн авагч" Монголын сул болон давуу талууд
Монгол улсын эдийн засаг ойрын арваас хорин жилд эрдэс баялгийн түүхий эдийн зах зээлээс ихээхэн хамааралтай байх нь тодорхой билээ. Эдийн засгаа тогтвортой байлгах нь үргэлж савлан байдаг зах зээлд хэрхэн өөрт ашигтайгаар тоглохоос хамаарна. Догшрон булгих морины нуруун дээр тогтох хийморлиг адуучин эр лугаа адил зах зээлийн өгсөн уруудах шилгээлтэд тогтож үлдэх арга ухаан Монголд төдий л үгүй явж ирсэн нь сүүлийн хэдэн жилийн үйл явцаас тод харагдсан. Гэхдээ Монголын хувьд зах зээлийн өрнөлөөс ихээхэн сургамж авч буйг энд дурдах хэрэгтэй ч бидэнд санаа амрах эрх байхгүй нь бас үнэн.
Үүнтэй уялдуулан Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг энэ чиглэлд Монголын төр засагт бодитой мэдлэг мэдээлэл болохуйц томоохон судалгааг 4 сарын 31-ний өдөр өргөн барих гэж байна.
Уг судалгаанд Монгол улсын эрдсийн экспортын дийлэнхийг бүрдүүлдэг зэс, нүүрс, алт, төмрийн хүдрийн төлөвийг нэгтгэж буй юм. Эдгээр зах зээлийн нарийвчилсан судалгааг салбарынханд урьдчилсан байдлаар танилцуулах, шаардлагатай санал зөвлөгөөг мэргэжилтнүүдээс авах үүднээс 4 сарын 9-нд "Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл: төлөв, хандлага” хурал-семинарыг тус хүрээлэн Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Тус хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс, манай улс нь зах зээлийн үнэ хүлээн авагчийн хувьд, өөрөөр хэлбэл үнэд нөлөөлөх бус зөвхөн түүнийг дагаж мөрдөж зах зээлд оролцдогийн хувьд зах зээлийн мэдээллийг нарийн шинжилж урьдчилан мэддэг байх шаардлагатай. Ингэж чадсан нөхцөлд дотоодын эдийн засагт илүү эерэг нөлөө авчрах болно гэж семинарын эхэнд тэмдэглэв. Семинарын үеэр эрдэс тус бүрээр дэлгэрэнгүй илтгэл тавьж, зах зээлийн төлөв байдлын талаар танилцуулсны дунд олон сонирхолтой санаа дэлгэгдсэнийг хүргэе.
Хятадын төмрийн шинэ кластер Монголд нүүрсний шинэ боломжийг нээнэ
Монгол улсын хувьд 2005 оноос нүүрс эрчимтэй экспортолж эхэлжээ. Улсын хэмжээнд нүүрсний ашиглалтын 242 лиценз олгогдсон бөгөөд 82 уурхай ажиллаж байгаа юм.
Нүүрсний дэлхийн зах зээл дэх үнэ Монголын нүүрсний экспортын ханшийн хооронд ихээхэн зөрүү байсаар ирсэн. Манай нүүрсний үнэ Австрали, Канадынхаас доогуур байдгийн учир нь нүүрсний үндсэн худалдан авагч болох Хятадын томоохон гангийн үйлдвэрүүд далайн эргийн мужуудад тархан байршдагт оршино. Эргийн мужууд руу хүргэх тээвэрлэлтийн зардал өндөр тул Монгол нүүрсний үнэ Австралийн нүүрстэй ижилхэн үнэтэй байх боломж тун хязгаарлагдмал, бараг үгүй.
Хятадын хойд хэсгийн мужуудад худалдан авагч нар бий ч тухайн хэсгийн дотоодын нүүрсний үнэ харьцангуй хямд түвшинд тогтдог нь Монгол нүүрсний үнийг доош чангаах бас нэг нэрмээс болдог гэж хэлж болно. Гэвч семинарын үеэр тавигдсан нүүрсний зах зээлийн тухай илтгэлд нүүрсний экспортын боломж, ялангуяа үнэ ханшийн хувьд томоохон ирээдүй харагдаж буй тухай эдийн засагч Ч.Хашчулуун цохон тэмдэглэсэн юм. Хятадын хойд хэсэг буюу Өвөрмонголын Бугат орчимд төмрийн томоохон кластер шинээр байгуулагдаж эхлэх гэж буй нь Монголын нүүрс, төмрийн хүдрийн экспортод шинэ боломж авчирч байна гэж тэрбээр тайлбарлалаа. Энэ хэсэгт Хятадын Baogang Steel төмрийн томоохон цэгтэй болохоор ажиллаж буй ажээ.
2014 оны байдлаар Монгол улс Хятадын коксжих нүүрсний импортын зах зээлийн 24%-ийг дангаараа эзэлсэн байна. Судалгаанд дурдсанаар Монголын нүүрсний экспорт 2015 онд 15.9 сая тонн байсан бол 2016 онд 25.6 сая тонн болж өсчээ. Экспортын хэмжээ ойрын хугацаанд 40 сая тонн болж өсөх боломжтой бөгөөд урт хугацаандаа 60 сая тоннд хүргэж болохыг Ч.Хашчулуун эдийн засагч илтгэлдээ онцоллоо. Австралийн нүүрсний нийт хүчин чадал маш их боловч Монголын хувьд тус улсын нүүрснээс 25%-иар хямд нүүрс нийлүүлэх боломжтой тул аажимдаа Хятадын импортын зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх бүрэн боломж харагдаж буйг тэрбээр сануулсан юм.
Нүүрсний үнэ өнгөрсөн оны дундаас эхлэн эрчимтэй өсч эхэлсэн боловч Хятад улс дотоодын нүүрсний уурхайнуудын ажиллах хоногийн тоог цөөрүүлэх шийдвэрээ өнгөрсөн 11 дүгээр сард цуцалсан нь эргээд үнэ буурах нөхцөл болж байна. Ойрын хоёр жилийн хугацаанд үнэ эргээд харьцангуй бага түвшинд хүрч магадгүй байгаа тул Тавантолгой зэрэг томоохон төслөө эргэлтэд оруулах шаардлагатай байгааг тэрбээр мөн хэллээ.
Хятадын хувьд нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан төмөр замын тарифыг тогтоодог бодлого баримталж буйг тэрбээр мөн тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл зах зээлд нүүрсний үнэ өндөр байх үед төмөр замын тариф дээгүүр тогтож, нүүрсний үнэ доогуур байх үед тарифыг доогуур тогтоодог байна. Одоогоор Хятадын төмөр замын тариф нүүрсний үнэ өндөр байгаа тул эргээд өсөх болжээ.
Зэсийн уурхайнуудын хүдрийн дундаж агуулга 20%-иар буурна
Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Б.Цолмон зэсийн зах зээлийн төлөвийн талаар танилцуулахдаа урт хугацаандаа зэсийн ирээдүй өөдрөг төлөвтэй байгааг тайлбарлалаа. Түүний илтгэлд дэлхийн зэсийн эрэлт ойрын хугацаанд хурдацтай бус алгуур аажим (1-3%) өсөлттэй байх боловч нийлүүлэлтийн хомсдол үүсэх хүчин зүйл өндөр байгааг онцоллоо.
Нэг томоохон хүчин зүйл нь зэсийн уурхайнуудын хүдрийн агуулгын хэмжээ дунд хугацаандаа багагүй хэмжээгээр буурахаар байгааг харж болно. 2015 оны байдлаар уурхайнуудын хүдрийн зэсийн дундаж агуулга 0.65% байсан бол уг үзүүлэлт 2025 он гэхэд 0.53% болж, 18.5%-иар буурах дүр зураг тодорч байна.
Ийнхүү зэсийн "ургац” бараг тавны нэгээр буурна гэдэг бол маш том хүчин зүйл болох нь дамжиггүй. Чилийн Escondida, Индонезийн Grasberg зэрэг томоохон уурхайнуудын зэсийн агуулга ирэх жилүүдэд эрчимтэй буурахаар байгаа билээ.
Түүний илтгэлд дурдсанаар дэлхий дээрх зэсийн нийт геологийн нөөц 5.6 тэрбум тонноор хэмжигдэх бөгөөд үүний дийлэнх нь Ази тивд байршиж байгаа ажээ. Энэ дотроо эдийн засгийн үр ашигтай нөөц 720 сая тонноор илэрхийлэгдэнэ гэсэн Олон улсын зэсийн судалгааны хүрээлэнгийн баримт бий.
Олонх судалгааны байгууллагын таамаглаж буйгаар зэсийн үнэ дунд болон урт хугацаанд 6000 ам.доллараас дээгүүр түвшинд байна гэж үзэж буй. Харин сөрөг төлөв баримтлагчдын хамгийн тод жишээнд Bloomberg-ийн төлөвийг нэрлэж байна. Bloomberg-ийн судлаачдын тооцож буйгаар богино хугацаандаа зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл хэт ихэссэнээр зэсийн үнэ буурах төлөвтэй гэж урьдчилан таамаглаж байгаа юм. 2019 онд нийлүүлэлтийн илүүдэл 900 мянган тонн болж дээд цэгтээ хүрнэ гэж Bloomberg Intelligence тооцжээ. Дэлхийн банкны тооцоолж буйгаар, энэ онд нэг тонн зэсийн дундаж үнэ 5788 ам.доллар, ОУВС 5400 ам.доллар байна гэж тооцсон байна. Өнгөрсөн онд Лондоны металын бирж дээр нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ 4870 ам.доллар байсантай харьцуулахад энэ нь нэлээд өндөр үнэ юм.
Гуравдугаар сар гарсаар оны эхний саруудад өсөлтийн гайхалтай өрнөл харуулаад байсан зэс зах зээлд хурдацтайгаар хямдарч эхлээд байгаа билээ. Гэсэн ч Goldman Sachs тэргүүтэй банкууд үнийн таамаглалаа буулгалгүй хэвээр хадгалсаар байна. Зэсийн үнэ гуравдугаар сард бууралттай гарсан шалтгаан нь Хятадын зэсийн томоохон үйлдвэрлэгч Jiangxi Copper дотоодын зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх тухай мэдэгдсэн нь зах зээлд үнийг доош чангаахад багагүй нөлөө үзүүлжээ. Дээр нь АНУ-ын Холбооны Нөөц сан бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэр болон Европын зэсийн эрэлт сонгуулиас үүдэн буурч болзошгүй тухай таамаглал ханшид давхар сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ нөгөө талд дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Чилийн Escondida, Индонезийн Grasberg уурхайнуудын үйл ажиллагаа доголдолтой байгаа нь богино хугацаандаа үнэ өсөх шалтгаан болж буйг хэлэх хэрэгтэй.
Хэдийгээр судалгааны байгууллагуудын таамаг зөрөлдөж буй ч ерөнхийдөө 2019 онд зэсийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол нүүрлэх төлөв харагдаж буйг Б.Цолмон эдийн засагч санууллаа. Энэ үе нь Монголын Оюутолгой зэс, алтны ордны өргөтгөлийн анхны бүтээгдэхүүн гарах үеийг угтаж буйг энд тэмдэглэх хэрэгтэй. Оюутолгойн бүтээгдэхүүн нийлүүлэгдэж эхэлснээр 2022 оноос Монгол улс 2-2.4 сая тонн баяжмал нийлүүлэхээр байна.
Түүний илтгэлийн бас нэг сонирхолтой санаа нь Монголын экспортын цэвэр зэсийн үнэ олон улсын үнэтэй ижил түвшинд байгаа боловч зэсийн баяжмалын үнэ олон улсын дундажтай харьцуулахад 23-35% доогуур байгаа тухай байлаа. 2015 оны байдлаар Монголын нэг тонн зэсийн баяжмалын дундаж үнэ 1605 ам.доллар байсан байна. Гэхдээ энэ нь Хятадын импортын үнээс 150 орчим доллараар өндөр байгаа юм. Монгол орны хэмжээнд нийтдээ зэсийн 57 орд, 1180 илэрц, 93.3 сая тонн геологийн нөөц, 50 сая тонн үр ашигтай нөөц тогтоогдоод байна.
Алтны шинэ төрлийн хэрэглээ айсуй
Алт бол эдийн засгийн агуулгаараа хэзээ ч үнэ цэнээ алддаггүй, бас бусад шинж чанараараа ч хүн төрөлхтнийг эртнээс эдүгээ хүртэл гайхуулсаар ирсэн. Тиймдээ ч хүн бүр алтны хэрэгцээ, ач тусыг их бага хэмжээгээр мэддэг. Дэлхийн эдийн засгийн хямралын үед алтны үнэ өсч, алт ахиухан авч хөрөнгөө баталгаажуулах, даатгах арга хэлбэр ч түгээмэл байдаг. Сүүлийн үед алтны уламжлалт хэрэглээ харьцангуй буурч харин шинэ төрлийн хэрэглээ нэмэгдэх болжээ.
Алтны хэрэглээ дэлхийн хэмжээнд 2016 онд 4300 тонн байсан нь 2012 оны үзүүлэлтээс 400 тонноор буурсан дүн болж байна. Өнгөрсөн онд уурхайн алтны нийлүүлэлт 3200 тонн байсан бол дахин боловсруулалтаар үлдсэн 1100 тонныг нийлүүлжээ.
Алтны хэрэглээний дийлэнхийг гоёл чимэглэлийн салбар бүрдүүлж байгаа бол технологийн салбар удаах байрыг эзэлж буй юм. Гэхдээ дээр дурдсанчлан энэ хоёр салбарын хэрэглээний нийт зах зээлд эзлэх хувь буурсаар байгаа юм. Харин шинэ хэрэглээ алтны салбарт хүчээ авч буйг эдийн засагч Б.Түвшинтөгс хурал дээр тавьсан илтгэлдээ тайлбарлалаа. Сүүлийн жилүүдэд алтыг хувь хүн, байгууллагууд тусгай хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан (Exchange Traded Products) худалдан авах байдал түгээмэл болж иржээ. Өнгөрсөн оны хувьд хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан алт (ETPs) авсан хэмжээ даруй 531.9 тоннд хүрсэн нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа тухай Дэлхийн алтны зөвлөл байгууллага өнгөрсөн сарын эхээр мэдээлжээ.
Гэхдээ Дэлхийн банк болон бусад олон судалгааны байгууллагын таамаглаж буйгаар алтны үнэ урт хугацаандаа төдий л огцом өсөхгүй байх болов уу гэсэн төлөвийг дэвшүүлжээ. Учир нь алтны салбарын хэрэглээ гоёл чимэглэлийн салбарт багасах хандлага ажиглагдаж байна. Хүмүүсийн таашаал өөрчлөгдөж алтыг цэврээр нь бус холимог байдлаар гоёл чимэглэлд ашиглахыг илүүд үзэх болжээ.
Төв банкуудын алт худалдан авалт сүүлийн жилүүдэд тийм ч их өсөөгүй, харин ч буурах тал руугаа эргэсэн байна. Хэдийгээр Орос улсын төв банк алт худалдан авалтаа идэвхижүүлж буй ч энэ нь зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэхүйц байж чадахгүйн зэрэгцээ хэр их алт худалдан авах эсэхийг урьдаас тааж мэдэх боломжгүй юм.
Сүүлийн жилүүдэд алтны үнэ зах зээлд тийм ч өндөр биш байгаа энэ үед уурхайчид уурхайн үйл ажиллагааны зардлаа бууруулах сонголт л үлдээд байгаа аж. Өнгөрсөн оны байдлаар АНУ, Канад, Оросын томоохон алтны компаниудын үйл ажиллагааны зардал тонн тутамд 572-980 ам.доллар байжээ. Компаниудын олборлолтын зардал 2015 оныхоос буурсан болохыг графикаас харж болно.
Сүүлийн жилүүдэд алтны уурхайнуудын үйл ажиллагааны зардал боломжит хамгийн бага түвшинд бууж иржээ. Үүний үр дүнд уурхайнуудын хайгуулын санхүүжилт шавхарч, улмаар олон улсад алтны томоохон хэмжээний шинэ орд илрэхгүй, зөвхөн хуучин ордууд дээр төвлөрөн ажиллаж байна. 2012 онд компаниуд хайгуулын зардалд нийтдээ 10.5 тэрбум доллар зарцуулсан бол 2016 онд уг үзүүлэлт 4.2 тэрбум доллар болж буурчээ.
Алтны үнэ энэ жилийн хувьд дунджаар 1244 ам.доллар/унц-д хэлбэлзэнэ гэж судалгааны байгууллагуудын таамаглалын дүнгээс харж болохоор байна. Гэхдээ алтны үнэ урт хугацаандаа бага багаар буурсаар 2030 он гэхэд 1000 ам.доллар болно гэж Дэлхийн банк тооцоолжээ.
Харин Монголын тухайд өнгөрсөн оны хувьд 28.3 тонн алт олборлосон бол саяхан батлагдсан "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд 2025 он гэхэд алт олборлолтыг 47.4 тоннд хүргэхээр төлөвлөөд буй. Өнгөрсөн оны алт олборлолтын 11.9 тонн нь Оюутолгойн ил уурхайн баяжмал дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр экспортлогдсон алт эзэлсэн бол тус уурхайн алтны үйлдвэрлэл 2021 оноос илт буурахаар байгаа юм. Харин эсрэгээр мөн үеэс далд уурхайн олборлолт эхэлж 2025 онд өргөтгөл хэсгээс даруй 16 тонн алтыг дайвар хэлбэрээр экспортлохоор төсөөлжээ. Тэгэхээр өнгөрсөн онд Оюутолгойн бүтээгдэхүүнийг оруулахгүйгээр тооцвол нийт алт үйлдвэрлэл 16 тонн байсан бол 2025 онд уг үзүүлэлт 31 тоннд хүрэхээр байгаа юм.
2020 оноос төмрийн хүдрийн зах зээлд 50 сая тонны нийлүүлэлтийн хомсдол нүүрлэнэ
Төмрийн хүдрийн хувьд дэлхийн хэмжээнд жилд нийтдээ 2 тэрбум тонн хүдэр нийлүүлэгддэг. Энэ зах зээлийн нийлүүлэлтийн 50%-ийг дэлхийн томоохон гурван үйлдвэрлэгч эзэлж буй. Сүүлийн жилүүдэд Хятадын нөлөө аажим түрж орж ирж байна. Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал 2010 оны байдлаар 1.4 тэрбум тонн байсан бол үйлдвэрлэлийн бодит хэмжээ 1.1 тэрбум тоннд хүрчээ. 2015 оны байдлаар үйлдвэрлэлийн хүчин чадал даруй 2.4 тэрбум тонн, гарцын бодит хэмжээ 1.6 тэрбум тоннд хүрсэн нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлттэй холбоотой байв.
Монголын хувьд төмрийн хүдрийн тээвэрлэлтийг төмөр замаар хийж байгаа бөгөөд нэг тонн төмрийн хүдрийг төмөр замаар тээвэрлэхэд км тутамд 0.015 ам.доллар болж байна. Баянгол, Төмөртэйн уурхайгаас Монгол-Хятадын хилийн боомт хүртэл хүдэр тээвэрлэхэд тонн тутамд 17 ам.долларын зардал ногдож байгаа юм. Дээр нь хилийн боомтын хураамж болон бусад зардлыг тооцвол тээвэрлэлтэд асар өндөр зардал гарч байна. Авто замаар тээвэрлэх хувилбарын хувьд төмөр замын тээвэрлэлтээс даруй 8 дахин өндөр зардалтай тусч байгаа ажээ.
Гэхдээ Хятадын хойд нутаг, ялангуяа Өвөрмонголын хэсэг дэх төмрийн хүдрийн уурхайнуудын хүдэр дэх төмрийн агуулгын хэмжээ буурч байгаа нь олборлолтын зардлыг нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь цаашид Монголын төмрийн хүдрийн олборлогчдод ашигтай тусч байна. Монголын төмрийн хүдрийн тухайд Австралийн өндөр агуулгатай төмрийн баяжмал бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй ч Хятадын хойд нутагтай хил залгадгийн хувьд орон зайн хувьд ойр, бас харьцангуй чанартай бүтээгдэхүүнд тооцогдож байна.
Цаашид Хятадын гангийн эрэлт урт хугацаандаа тогтворжих хандлага ажиглагдаж байгаа бол Энэтхэг, Зүүн өмнөд Азийн улс орнуудын гангийн хэрэглээ эрэлтийн өсөлтийг дээш татах гол хүч байх болно гэж судлаач Б.Бат, З.Манлайбаатар нар илтгэлдээ тайлбарлалаа.
Төмрийн хүдрийн үнэ урт хугацаандаа 55-56 ам.доллар/тонн-ын хооронд хэлбэлзэнэ гэж дийлэнх зах зээл шинжээчид тооцоолж байна. Энэ нь төмрийн хүдрийн зах зээлийн одоогийн түвшнээс хавьгүй доогуур үнэ юм. Учир нь Австрали, Бразилийн төмрийн хүдрийн их хэмжээний нийлүүлэлтийн илүүдэл зах зээлд цутган орж ирэх үзэгдэл тасрах төлөв харагдахгүй байгаа тул цаашид үнэ буурна гэсэн таамаг шинжээчдийн дунд ноёлж байна. Томоохон тоглогчдын тухайд их хэмжээний хүдэр олборлож, олборлолтын өөрийн өртгийг маш доод түвшинд аваачсан тул үнийн бууралтаас эмээхгүй байгаа нь илт.
Харин жижиг тоглогч болох Монгол зэрэг улс орнуудын компаниуд үнийн савлагаанд маш хүчтэй нэрвэгдэж байгаа юм. Хэдийгээр Монгол улсад 60-аас дээш хувийн агуулгатай төмрийн хүдрийн нойтон баяжмалын үйлдвэр хоёр ч ашиглалтад ороод байгаа боловч зах зээлийн үнийн бууралтын нөлөөгөөр үйл ажиллагаа нь зогсчихоод байгаа юм. Харин Bloomberg-ийн тооцоолж буйгаар төмрийн хүдрийн үнэ нийлүүлэлт их байгаагаас үүдэн богино хугацаандаа өсөхгүй боловч 2020 оноос төмрийн хүдрийн зах зээлд 50 сая тонны нийлүүлэлтийн хомсдол нүүрлэх аж. Өөрөөр хэлбэл энэ үеэс эхлэн үнэ харьцангуй өсч магадгүй болоод байна.
Одоогийн байдлаар төмрийн хүдрийн зах зээлийн үнэ нэг тонн нь 90 ам.долларын түвшинд байгаа ч ирэх оны сүүл улирал гэхэд 55 ам.долларт очно гэж үзжээ.
Төмрийн хүдрийн хувьд цаашид манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн хэвээрээ байх боловч үнийн өсөлт төдийлөн ажиглагдахгүй тул орлогын эзлэх хувиар огцом дээшлэхгүй байх төлөв харагдаж байна. Гэхдээ Монгол улсын хувьд ойрын хугацаанд томоохон хэмжээний гангийн үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор дотоодоос олборлосон хүдрийг эх орондоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах нөхцөл бүрдэх юм.
Төмрийн хүдрийн эрэлтэд нөлөөлж буй бас нэг хүчин зүйл нь гэвэл хаягдал төмрийн дахин боловсруулалт юм. Хаягдал төмрийг дахин боловсруулах зардал нь төмрийн хүдэр олборлон түүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох зардлаас бага байгаа нь цаашид хаягдал төмрийн боловсруулалтыг дэмжих нэгэн хөшүүрэг болж байна. 2015 оны байдлаар дэлхийн хэмжээнд 650 сая тонн хаягдал төмрийг дахин боловсруулсан байна. Өнөөдрийн байдлаар төмрийн дахин боловсруулалтын хувь хэмжээ 85%-тай байна.
Экспортын гол дөрвөн бүтээгдэхүүний зах зээлийн үндсэн нөлөөлөл, цаашдын чиг хандлагын талаар хурал дээр хөндөгдсөн зарим санааг хүргэлээ. Цаашид Монголын Засгийн газар эрдэс түүхий эдийн зах зээлийн төлөв байдалтай илүү уялдсан сайн бодлого гаргахад анхаарч ажиллаж гэмээнэ эрдсийн мөчлөгийг сөрөх, түүний давуу талыг ашиглах боломж бүрдэх билээ. Эрдсийн зах зээл өнгөрсөн оны сүүл хагас, энэ оны эхний хэсэгт Монголын хувьд харьцангуй таатай гэхээр нөхцөл байдалтай байна. Гэвч бид санаа амрах бус, үнэ хүлээн авагчийн хувьд зах зээлд хэрхэн тоглох тухайгаа үргэлж бодож, бэлтгэлтэй байх ёстой юм.
Б.Төгсбилэгт
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||