-МОНГОЛЫН ЭРХ МЭДЭЛТЭЙ, ТОЛГОЙ БАЯЧУУД ТУУЛЫГ БҮХЭЛД НЬ АВЧ, ЖИРИЙН ИРГЭД ТУУЛ ГОЛ ДЭЭРЭЭ ОЧИЖ ЧАДАХГҮЙД ХҮРСЭН БАЙНА-
"АПУ”-гийн Г.Батхүүгийн Туул голын эрэг дагуу барьсан хашаа
"Оюуны Ундраа групп” шилэн барилгаа залгуулаад мөн л Туул голын эргийг хэдэн зуун метрээр хашаалчихжээ. Өндөр цэнхэр, төмөр хашаагаар бүхэлд нь Туул голын тэр хавийн эргийг хашаалаад авчихсан байна лээ. Цаг агаар дулаарахаар барилгын ажил хийгдэх нь тодорхой харагдаж байв. "Оюуны Ундраа групп” Зайсан толгой дээр ёнхийсон том шилэн барилга барьсан. Зайсан толгойн гэрэлт хөшөөг тэр чигт нь халхалж, шилэн барилгаа сүндэрлүүлсэн байгаа. Мөн "Оюуны Ундраа групп” Зайсан толгойд тэр хавийн хамгийн том соёл амралтын бүтээн байгуулалт болох "Зайсан Хилл” төсөл хэрэгжүүлж буй. Зайсан-Соёл Амралтын Цогцолбор”, Худалдаа Үйлчилгээний "Зайсан Скуэр Төв”, нийтийн тээврийн тусгай үйлчилгээний "Air-360 Улаанбаатар”, тансаг зэрэглэлийн орон сууцны "Скуэр Резидэнс” зэрэг бүтээн байгуулалтуудыг хийж байгаа. Богдхан уул, Зайсан толгой, Хатан Туул голыг хамгийн их эрх дархтайгаар эзэмшиж, байна. "Оюуны Ундраа групп” хууль журмыг уландаа гишгэж, эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр бүгдийг шийдэж болдог гэдгийг тод харуулж байна. Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т "Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасан байдгийг "Оюуны Ундраа групп”-ийн эзэд болох С.Отгонбаяр, С.Амарсайхан нарт сануулаад өгөх төрийн байгууллага, хууль хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан Монголд байхгүй аж.
"Оюуны ундраа” групп Туул голын эрэгт тулган ийм барилга барьжээ
ТУУЛ ГОЛЫН ЭРГИЙГ ҮХЛИЙН ШУГУЙТАЙ ХАМТ ХАШААЛСАН НУУЦ НОЁНТОН ХЭН БЭ
"Оюуны Ундраа групп”-т Туул голын эргийг хашаалсан төмөр, цэнхэр хашааны цаад талд солонгос ресторан үйл ажиллагаа явуулж байна. Солонгосын Элчин сайд, бизнесмэнүүд гээд л солонгосчууд энд ирдэг гэнэ. Анх "Ноёд” группийн захирал Ц.Буяндорж Туул голын эрэг тулгаад аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авч, түүнийгээ солонгосчуудад өндөр үнээр худалдсан гэх мэдээлэл байна. Солонгос ресторан өнгөрөөд өндөр, саарал төмөр хашаагаар Туул голын шугуйн бургас, эргийг тэр чигт нь хашаалаад авчихжээ. Энэ хашааны эзэн хэн бэ гэдгийг хууль хяналтын байгууллага, Богдхан уулын захиргаа тогтоож чадаагүй байна. Мөн Туул голоос барилгын компаниуд хайрга олборлож, маш том хэмжээтэй нүх гаргачихаж. Улмаар тэр нь цүнхээл болж, сүүлийн жилүүдэд иргэд тэнд хэдэн арваараа живж үхсэн баримт бий. Зундаа 15-20 орчим хүн цүнхээлд живж харамсалтайгаар амь насаа алддаг. Иргэд голын захын гүехэн усанд алхаж байгаад гэнэтхэн цүнхээл ус руу хөл алдаад живдэг аж. Үүнээс үүдэн тэр орчмыг "Үхлийн шугуй” хэмээн нэрлэх болжээ. Үхлийн шугуйгаас бөөгийн овоо өнгөртөл 500 гаруй метр урттай газрыг мөн л нэр нь үл мэдэгдэх хүн хашаалжээ. Энэ Богдхан уулын захиргаа, Хан-Уул дүүргийн газрын алба, Мэргэжлийн хяналтынхан энэ хашаанд огт хүрдэггүй байна. БОАЖЯ-наас хүртэл хэн энд хашаа хатгасан бэ гэдэг асуултад мэдэхгүй гэх хариултыг өгч байна. Тэгсэн мөртлөө хашааг нь хэн ч буулгаж зүрхэлдэггүй. Туул голын эргийг цагаан өнгөтэй төмөр хайсаар хашаалсан УИХ-ын эрхэм гишүүн байдаг гэх мэдээлэл ч байна. Мөн УИХ-ын дарга М.Энхболдын газар гэх мэдээлэл ч бидэнд ирж байлаа. Газрын эзэн нууц ноёнтон хэзээ ил гарах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч нэг л өдөр харуул хамгаалалт гаргаж, голын эрэг дээр байшин барилга сүндэрлэн босох нь тодорхой юм.
БАГА ТЭНГЭРИЙН АМНААС БӨӨГИЙН ОВОО ХҮРТЭЛХ ТОМ ХАШАА АПУ-ГИЙН Г.БАТХҮҮГИЙНХ
Хурдны замын урд талд, Туул голын эргээс 30 гаруй метрийн зайтай том, саарал төмөр хашааг битүү барьжээ. Энэ саарал хашааг бөөгийн овоо хүртэл барьсан байх аж. Хурдны замтай тулгаж барилга барихаар төлөвлөж байгаа юм байх. Хашааны зүүн талд дөрвөн давхар хаусны барилга барих гээд бетон цутгалтыг нь хийчихсэн байна лээ. Ингээд бөөгийн овооны 20 хүрэхгүй метр газрыг үлдээгээд дараагийн том өндөр төмөр хашаа угтах аж. Нэг захаас нөгөө зах нь харагдахүй тийм урт саарал хашаа байх юм. Яагаад хурдны замтай тулгаад голын эргээс 50 метр хүрэхгүй зайд хашаа барьсан гэдэг нь мөн л тодорхойгүй юм билээ. Холбогдох газрынхан "Зөвшөөрөлгүй баригдсан хашаа. Хэн хашаа барьчихаад байгааг бид мэдэхгүй байна” гэж хариулж байна лээ. Мөн тэр хавьд амьдардаг иргэд ч дээрх хоёр том хашаа хэний хашаа болохыг огт мэдэхгүй байв. Иргэд "Нэг шөнийн дотор Туул голын эрэг дагуух замыг бүрэн хаасан. Тэгээд л хашаагаа ачиж ирээд хэдэн залуус шөнөжин бариад хоносон. Маргааш өглөө нь хашааг бүрэн босгож дуусаад л яваад өгсөн. Хэн ч эсэргүүцэл үзүүлээгүй. Цагдаа нар ирээд хөдөлгөөнийг нь зохицуулж, замыг хааж өгсөн шүү дээ” хэмээн ярьж байсан юм. Дээрх хоёр компани бөөгийн овооны хэсэгхэн газрыг үлдээгээд бусад газрыг тэр чигт нь хашаалчихсан байлаа. Гэхдээ албаны эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх хашаа АПУ-гийн захирал, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийнх гэнэ. Тэрбээр энд мөн л байшин барилга барихаар төлөвлөөд байгаа аж.
"Сод Монгол” группийн Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд зочид буудал, хаус хууль зөрчин барьж байна.
БАГА ТЭНГЭРИЙН АМАНД СОД МОНГОЛ ГРУППИЙН Ц.АНАНДБАЗАР ЭЗЭН СУУЖЭЭ
Туул голын эрэг дээр Бага тэнгэрийн амны газрыг УИХ-ын гишүүд, үе үеийн сайд нар хуваагаад авчихсан байдаг. С.Баяр, Н.Баганбанди, "Жаст” группийн Ш.Батхүү, Л.Гансүх, Ерөнхий сайд асан С.Батболд, Н.Энхболд зэрэг улс төр, бизнесийн салбарынхан аж төрдөг. Мөн "Сод Монгол” групп эзэн суужээ. 2008 онд Бага тэнгэрийн аманд "Зүүнбаян рэйфанери” ХХК-д дөрвөн га газар аялал жуулчлалын зориулалтаар өгсөн ч энд барилга сүндэрлэжээ. 2008 онд Бага тэнгэрийн аманд "Их Ончууд” ХХК 1.54 га газар "Монгол аутдор” ХХК 1.5 га авсан байдаг. Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн "Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар тэр чигт нь эзэмших болжээ. Бүр "Бага тэнгэрийн ам” гэх аялал жуулчлалын цогцолбор барих төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Ингээд ч зогсохгүй улсын хөрөнгөөр дулааны шугам Бага тэнгэрийн ам руу татсан байна. Туул голын эрэг, хурдны зам дагаад хэдэн тэрбум төгрөгөөр дулааны магистрал шугам тавьсан байна лээ. Өндөр зэрэглэлийн зочид буудал, хувийн хаус, амралтын цогцолбор гээд л хэдэн зуун тэрбум төгрөгийн хөрөнгө тэнд босч байна. Гэхдээ төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай бүх хуулийг зөрчин төсөл хэрэгжиж байна. Бага тэнгэрийн ам руу татсан дулааны шугам тавьсан зардлаар Долоон буудлын гэр хороолол руу дулааны шугам тавьсан бол Нийслэл хотыг утаанаас салгах боломж байсан. Долоон буудлын зам дагуу шугам тавиад өгөхөд л айл болгон мөнгө гаргаад дулааны шугам татаад нүүрс түлэхгүй суух боломжтой. Гэвч төрийн томоохон албан тушаалтан, бизнесийн салбарынханд зориулж Бага тэнгэрийн ам руу дулааны шугам хэдэн тэрбум төгрөг улсаас гаргаж тавьжээ.
Бага тэнгэрийн амнаас хөдөлж ойролцоо нь байх "Болор туул”, "Хүрхрээ” амралтын газарт хүрч очлоо. Мөн л Туул голыг битүү хашаалжээ. Манаач нь "Дотогш хүн оруулахгүй. Зураг авч болохгүй” гээд хавьтуулахгүй байна лээ. Тэндээсээ бид хөдөлж Их тэнгэрийн аманд очсон юм. Төрийн гурван өндөрлөг аж төрдөг Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдаар хамгаалуулсан Их тэнгэрийн аманд өнгөрсөн жил газар зарсан асуудал үүссэн. Их тэнгэрийн аман дахь төрийн тусгай хамгаалалттай газрын 7.4 га газрыг "Шинэхэн” группт хууль зөрчин олгосон байдаг.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
Үргэлжлэл бий