- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ш.Пүрэвсүрэн: Ноён уулын хүнцлийн аюул дэлхий нийтийн асуудал болох нь гарцаагүй
-"Ноён уулыг хөндөж болохгүйн таван шалтгаан” гэсэн нийтлэл сайтуудаар тарж, хүмүүс үзэл бодлоо нэлээд хуваалцсан байхыг олж үзлээ?
-Тиймээ. Миний бие арав гаруй жилийн өмнөөс ард олноо сэрэмжлүүлэх үүднээс "Хаадын хараал” http://sonin.mn/news/blog/44294, "Хаан хор” http://www.sonin.mn/news/politics-economy/41407, "Ноён уулаа нурааж байгаль орчноо хордуулах уу” http://sonin.mn/news/politics-economy/50268 "Ноён уулыг ухаж болохгүйн учир” http://sonin.mn/news/blog/55910 хэмээх цуврал нийтлэл бичиж, танай сониноор дамжуулан уншигчдад хүргэж байсан. Их эзэн Чингис хаан цагтаа "Өмнө зүг Тангуд улс байгааг өглөө болгон надад сануул” хэмээн зарлигдаж байсан шиг Ноён уулыг ухаж хөндвөл нүүрлэх аюулын талаар түмэн олондоо дахин дахин сануулж нурших нь мунхаг миний үүрэг хэмээн ойлгодгийн хувьд энэ асуудлыг дахин дахин ярьж бичээд байгаа юм.
-Ноён уулыг ухаж болохгүй гэдэг том шалтгаан байгаа байх?
-Гацууртын ордыг одоогоор 50 тонн бараг цэвэр шижирмэг алтны нөөцтэй гэдэг боловч, цаашдаа 100 тонн алт авах боломжтой гэж судлаачид үздэг. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд Ноён уулан дахь Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 50000мг/кг хүрч байна.
Өөрөөр хэлбэл манай улсад мөрдөж буй стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна гэжээ. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг "Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж ихээхэн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг. "Бороо Гоулд” уурхайн хаягдлын санд 2820 мг/л буюу усанд байвал зохих хэмжээнээс 300-400 дахин их байгаа нь хүний аминд хүрэх өндөр тун. Хүнийг хүнцлийн хордлогын үхэлд хүргэх тун нь 130 мг/л байдаг ба усанд 2,2 мг/л хүрэх үеэс хүний бие организмд хордлого мэдрэгдэж эхэлдэг байна. Хүнцлийн ангидрид дээр туршсан судалгаануудаас үзэхэд молтогчин туулайг 14-30 мг/кг, нохойг 30-70 мг/кг тунгаар хордуулахад л шууд үхэлд хүргэж байжээ.
Хүнцэл ихтэй учир уг голын дагуу амьдардаг айлуудыг "Бороо Гоулд” компанийнхан зөөврийн усаар хангадаг талаараа одоогоос долоон жилийн өмнө буюу 2010 оны зун "Сентерра Гоулд” компанийн гүйцэтгэх захирал ноён Казаков олны өмнө өөрөө ам алдан ярьж байсныг ТВ-9 телевизээр хэдэн жилийн өмнө харуулсан юм шүү дээ. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь төслийн баримт бичигт дурьдсанаар хэдэн зуун метр гүн ухаж, үндсэн ордыг нь дэлбэлэн хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо? Энэ бол бид мэтийн мунхагуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг "мина” биш гэж үү. Өвөг дээдэс маань онголсон шарилаа хөндүүлэхгүйн тулд оролдсон хэн бүхэнд үхэл дагуулах энэ уулыг сонгосон нь юутай ухаалаг шийдэл байж вэ.
-Хүнцэл гэдэг чинь тийм аюултай бодис уу?
-Энэ тухай дээрх нийтлэлүүдэд хангалттай өгүүлсэн. Монгол Улсын стандартаар нэг кг хөрс, нэг литр усанд хүнцэл зургаан мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө хоёр мг/л байхад л хортой гэж тогтоосон байдгийг дахин сануулъя. Одоо ашиглалт нь дууссан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь "Бороо Гоулд”-ын уурхайн хаягдлын нуурын лаг шаварт агуулагдах хэмжээ нь 4419 мг/кг-д хүрч байгаа нь маш өндөр агууламжтайд тооцогдоно.
ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ.
Дээрх ноцтой асуудлуудыг ул суурьтай судалж үзэлгүйгээр 50-хан тонн алтанд нь шүлэнгэтэж, харийнхны гар хөл болох зүрх сэтгэл өнөөгийн ямар ч эрхтэн дархтанд арай л баймааргүй санагдах юм. Ойрын ганц нэг жишээ дурьдахад, хүнцэлтэй хуурай сүү байнга хэрэглэсний улмаас 1955 онд Японд 12000 гаруй хүүхэд гэнэт хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байв. Мөн хүнцлийн хордлого 1998 онд Энэтхэгийн Бенгал мужид гарч ундны усанд хүнцэл хэт ихэссэнээс 200000 хүн хордож, үүний дараа Бангладеш улсад үүнээс том хэмжээний хордлого гарч байлаа. Амьтан ургамлыг үндсээр нь хордуулах хүнцэл гэдэг аймшигт хор "Бороо гоулд”-ын ордын хаягдлын санд асар ихээр агуулагдаж байгааг нэн даруй анхаарч, арга хэмжээ авах ёстой байтал нэмэр дээр нэрмээс гэгчээр Гацууртын хүнцэл ихтэй орд руу ханцуй шамлан дайрч, ард түмнээ аажмаар хөнөөх ажиллагаа эхлүүлэх гэж байгааг юу гэж ойлгохов.
- Одоогийн эрх барьж байгаа намынхан АН-ынхны Ноён уулын талаар баримталж буй үзэл санааг дэмждэггүй байсан биз дээ?
-Эх орон ард түмнийхээ эрх ашгийг бүхнээс илүүтэйгээр эрхэмлэнэ гэсэн уриатайгаар өнгөрсөн сонгуулиар ард түмэндээ "...Байгалийн унаган төрх, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээнэ. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл үйлчилгээ болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад хяналт тавина... " гэсэн амлалт өгч байгаад АН-ынхныг хиаруулж, олонхиороо төр барих үнэмлэхүй мандатын эзэд болж байснаа өнөөгийн эрхмүүд минь арай мартчихаагүй байгаа гэж найдья.
-Ноён ууланд олборлолт явагдлаа гэхэд алтаа ямар аргаар яаж ялгаж авах вэ. Ийм ашиглалт явагдахын өмнө зохих судалгаа хийгдсэн байх ёстой биздээ. Энэ талаар таны бодол?
-2012 онд УИХ-аар батлагдсан "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7.1.2-д заасны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэж, уг үнэлгээндээ мэргэжлийн байгууллагаар дүн шинжилгээ болон хянан магадлагаа гаргуулаагүй ямар ч аж ахуйн нэгжид ашиглалт олборлолт явуулах эрх олгогдох ёсгүй юм. Мөн "Ашигт малтмалын тухай” хуулийн 39.7-д зааснаар нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд дараагийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байхаар заасан байдаг. Эдгээр хуулийн дагуу "Сентерра Гоулд”-ынхан хаана ч олборлолт явуулах эрхгүй. Өнөөдөр тэд Ноён уулыг ухан алттай хүдрээ "Бороо Гоулд”-ын ашиглаж байсан үйлдвэр рүү зөөн тэнд тээрэмдэж угаахаар бэлтгэлээ базаагаад байгаа. Тэр үед уурхайн хаягдлын далангийн бохир ус хэд дахин нэмэгдэнэ. Энэ даланг анх 2000-гаад оны үед барихдаа Их Даширын нуруунаас 40 тонн алт ялгаж авах хүдрийг угаасан хаягдлаа зайлуулахаар тооцож барьсан. Одоо дахиад үүнээс хоёр дахин их алт авахаар сая сая тонн хүдрийг тээрэмдэн цианид хэмээх химийн хүчтэй хороор угааж, энэ нуур руу асгахад хаягдлын далангийн хаалт ачааллаа дийлэх үү. Энэ талаар хийсэн тооцоо судалгаа огт алга.
Монгол орон газар хөдлөлийн идэвхтэй бүсэд багтдагийг хэн хүнгүй мэддэг болсон. Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж ойрхон болж, жилд 300-400 том жижиг чичирхийлэл бүртгэгдэж байна. Хэрэв байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уурхайн хаягдлын далан сэтэрч, нуурын хэдэн сая тонн циан болоод хүнцлээр бохирдсон их шавартай ус алдагдвал Бороо, Хараа гол, Сэлэнгэ мөрөн цаашлаад Байгаль далай хордож, байгаль орчинд онц ноцтой хор нөлөө үзүүлбэл хариуцлагыг нь хэн үүрэх вэ. Өвөг дээдсийн сануулснаар "Ниргэсэн хойно нь хашгирахгүйн” тулд муугаар бодоход байдал нэг иймэрхүү дүр төрхтэй харагдаад байна. Бид 50 тонн алтаа угаалгасныхаа шанд ирэх арван жилд 200 сая ам.долларын ашиг олно гээд байгаа бил үү. Үүнээс даруй хорь дахин их алтны нөөц Оюутолгойн ордод уг нь байгаа.
Ноён уулыг дэлбэлэн үндсэн чулуулгийг ухаж ил гарган олборлолт явуулснаар газрын гүнд байгаа асар их хүнцэл агуулсан эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлдэж, усанд уусамтгай нэгдлүүд үүсгэн орчноо бохирдуулна, бохирдсон жижиг гол горхиор дамжин Гацуурт, Бороо, Хараагийн гол, Сэлэнгэ мөрөн хүнцлээр цалгилж эхэлбэл зөвхөн нутгийн иргэд мал амьтнаар тогтохгүй, тэнд ургасан тариа ногоо, малынх нь мах сүүг хэрэглэдэг хэнбугайд ч энэ асуудал хамаатай болно. Энэ бол цөөхөн монголчууд бидний ч асуудал биш.
Яагаад гэвэл Байгаль далайн 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. Цаашлаад Байгаль далайн их ус Ангар, Енисей мөрнөөр дамжин Хойд мөсөн далай хүрснээр дэлхий нийтийн байгаль орчны асуудал хөндөгдөх нь гарцаагүй. Дэлхийн цэвэр усны 20 хувийг агуулдаг Байгаль далай бидний буруутай үйл ажиллагааны улмаас хүнцлээр бохирдож эхэлбэл хариуцлагыг нь хэн үүрэх вэ. Ноён уулын онгон дагшин байгалийг нь сүйдлэн 50 тонн алтыг нь авч, хоёр тэрбум ам.долларын ашиг олно хэмээн тооцоод байгаа Канадын "Сентерра Гоулд” компани уу, Урт нэртэй гэгддэг хуулиас гадна "Ойн хууль”, "Усны хууль” гээд олон хуулийг уландаа гишгэн тэдэнд Ноён уулыг дэлбэлж ухах зөвшөөрөл олгосон Улсын их хурал уу. Энэ уулын ар хормойд төрж өссөн ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уу. Эсвэл сонгогдохынхоо өмнөхөн "Энэ асуудлыг ард түмэн өөрсдөө шийднэ” гэж амлаад байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уу. Бүр цаашилбал болж байгаа үйл явдлыг харсаар байж дуугүй толгой дохин сууж байгаа Монгол түмэн бид бүгдээрээ юу гээд бодох асуудал олон байна.
-"Сентерра Гоулд” компани Киргиз улсад их том орд эзэмшдэг гэсэн мэдээлэл байсан?
-Тиймээ. Тэнд 700 тонн алтны нөөцтэй том орд эдний эзэмшилд байдаг юм. Тэр нутгийн Киргизүүд байгаль орчноо сүйтгүүлэхгүйн төлөө тэмцэлд дөрвөн жилийн өмнө Тяншаны нуруун дахь "Сентерра Гоулд”-ын "Кумтора майнз” уурхайг зогсоохын тулд цус асгаруулсан мөргөлдөөн болж, цагдаа цэргийнхэн оролцож байж босогчдыг тараасан байдаг. Кумторын ордын маргаанаас үүдэн Кыргизийн анхны Ерөнхийлөгч Акаев унаж, эх орноосоо дутаасан. Түүний дараа бас л үүнээс үүдэлтэй "өнгөт хувьсгал” гарч, Бакиев гэж дараагийн ерөнхийлөгчөө унагасан. Одоо тэрээр Беларусь улсад орогнож байгаа.
-Энэ компани чинь "Бороо Гоулд” нэрээр урьд нь Сэлэнгэ аймгаас 50 тонн алт олборлосон гэж ярьцгаадаг юм билээ. Тэр газраа нөхөн сэргээлт хийгээд дуусчихсан уу?
-Алтны ордыг ашиглах үед хөрс хуулалтын асар том овоолго үүсэн байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. "Сентерра гоулд” нь Бороогийн ордоос 40 гаруй тонн алтыг аль хэдийнэ аваад явчихсан. Харин бидэнд энэ хэмжээний их овоолго, онгойсон том хар нүх л үлдлээ. Арван хэдэн жилийн өмнө анх амалж байсан шигээ Их Даширын нурууг маань эргээд босгодоггүй юм аа гэхэд ядаж тэнд тэсэлж дэлбэлээд ухчихсан ангал хар нүхээ бүрэн булж, ядаж малын бэлчээрт ч болов ашиглахад аюулгүй болгоосой. Мөн хаягдал нууранд агуулагдах тэр их хүнцлийн асуудлаа шийдээгүй байгаа. Тэсэлж дэлбэлж, байдаг алтыг нь татвар төлбөргүйгээр ухаж авчихаад олборлолтынхоо талбайд онгойсон том хар нүх үлдээж орхичихоод одоо "Ноён уулыг” чинь ийм болгоно хэмээн дайрч байгаатай бид хэзээ ч эвлэрч болохгүй.
-Хүннүгийн үеийн булш бунхан болон цэвдгийн талаар нарийн судалгаа хийгдсэн юм болов уу?
-Тэнд байгаа булш бунхан, ховор олдворын талаар саяхан Батмөнх гэж хүний sonin.mn дээр нийтэлсэн нийтлэл дээр тодорхой бичсэн байна лээ. Харин 2016 онд ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгээс хэвлүүлсэн Монгол орны Цэвдгийн тархалтын шинэхэн зураглалыг авч үзвэл Ноён уул орчмын бүс нутаг нь цэвдгийн "Тасалданги тархалттай” гэсэн ангилалд багтжээ. Энэ нь тэр орчмын уулын ар болоод голын хөндийнүүд тэр чигээрээ цэвдгийн голомттой бөгөөд үүнтэй хамаагүй оролдвол энэ нутгийн ой ургамлын сан хөмрөг дахин нөхөн сэргээгдэхгүй болтлоо эвдэрч сүйрнэ гэсэн үг.
Мөн энэ хүрээлэнгээс хийсэн хөрсний судалгаанаас харахад хүнцлийн агууламжийн дундаж хэмжээ дээр дурьдсан Монгол Улсын стандартаас хааяагүй өндөр байгаа нь тогтоогдсон байдаг. Байгальд байх хүнцэл ийм өндөр агууламжтай байгаа нь аливаа ашигт малтмалын олборлолт явуулах гэж байгаа бол энэ орчмын гол горхи, гүний болон гар худгуудад хүнцлийн агууламжийг бүр нарийвчлан судлах шаардлагатайг харуулаад байгаа юм. Эцэст нь ийм нарийвчилсан судалгаа үнэлгээгүйгээр уул уурхайн асар том төсөл хэрэгжүүлнэ гэж муйхарлан зүтгээд суугаа сайд дарга нарт алсдаа эх орон ард түмэн зон олны өмнө хүлээх үүрэг хариуцлага хатуу нэхэлтэй гэдгийн ахин дахин сануулмаар санагдана.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ш.Пүрэвсүрэн: Ноён уулын хүнцлийн аюул дэлхий нийтийн асуудал болох нь гарцаагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани