Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат одоогоос 20 жилийн өмнө буюу 1996 онд Дорнод аймгаас гарсан газрын тосоор дээлээ мялааж, баярын симфони эгшиглүүлж байв. Гэвч бид өнөөдрийг хүртэл газрын тос боловсруулах үйлдвэртэй болоогүй байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол нутгийн газрын тос шингэсэн бензинээр банкаа дүүргэсэн машин хөлөглөн эхлүүлсэн. Энэ нь Монгол орны газрын хөрснөөс оргилон гарсан газрын тос "Монгол-93” нэртэй шатахуун юм. Гэвч энэ бол Монгол Улсад олборлосон газрын тосыг Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулсан шатахуун.
Энэ бүхний эцэст монголчууд бид хэзээ өөрсдийн гэсэн нефть боловсруулах үйлдвэртэй болох вэ? гэх асуудал хариулт нэхсээр байна. Бид хориод жил өмнөд хөрш рүү түүхий нефть зөөсөн. Өнөөдөр газрын тосны бүтээгдэхүүний бүх хэрэглээгээ гаднаас авсаар...
Монгол Улс 332.6 сая тонн газрын тосны таамаг нөөцтэйгөөс 43.2 сая тонн нь ашиглаж болох баталгаат нөөцөөр тогтоогдоод байгаа. Тэгэхээр эдгээрийг урд хөрш рүү зөөхийг урьтал болголгүй монголдоо боловсруулах үйлдвэр байгуулах нь нэн тэргүүний хүлээгдэж байгаа ажлын нэг юм.
Тэгвэл "Мэргэжил”-ийн гэх Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан байна.Тодруулбал Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд "Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болсон байна. Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгалаа.
Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгожээ.
Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна.
Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ.
Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, химий-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж тооцоолжээ.
Одоо л монголчууд эх орныхоо хөрснөөс ундарч буй "шингэн алт”-аа боловсруулах нь гэсэн горьдлого тээх нь. "Шингэн алт”-аа түүхийгээр нь Хятадад гаргачихаад, өөрсдөө өндөр үнэтэй, чанар муутай түлш, шатахуун худалдаж авахын тулд Оросыг царай алдсаар суух цаг ард хоцрох нь.
Оллоо.мн