Үндэсний ойн тооллогоор Монгол орны ой хөгширсөн, ойн нөөц бага, эмзэг, ой сэргэн ургах чадвар сайтай, ой модыг бага ашигласан хэмээн дүгнэжээ.
Монгол Улс ойн тооллогоо 40 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулж, дүнг нь өнөөдөр Засгийн газарт хүлээлгэн өгөв.
Цаашид Монгол орны ойг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөр болгох шаардлага тулгарч байгаа учир "Ойн тогтвортой менежмент”-ийн хэрэгжилтийг хангах бодлого эрх зүйн орчныг сайжруулах, ойн аж ахуйн арга хэмжээг боловсруулахад ойн үндэсний тооллогын мэдээг ашиглахад ихээхэн чухал үүрэгтэй хэмээн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг ойн тооллогын ажлын тайланг танилцуулахдаа дурдав.
Энэ удаагийн ойн тооллого нь зорилго, хамрах хүрээ, арга аргачлалын хувьд нэлээд өргөн цар хүрээтэй өндөр ач холбогдолтой болсныг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцоллоо. Тэрбээр хэлэхдээ, "Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын суурь үзүүлэлтийг тогтоож, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Засгийн газар хоорондын комисст тайлагнаснаар ойн доройтол, хомсдлыг бууруулах, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авах, карбоны худалдаанд оролцох боломж нээгдэж байна. Мөн Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох үндсэн зорилго бүхий "Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү тооллогын үр дүн асар өндөр ач холбогдолтой” гэв.
БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, Ой судалгаа хөгжлийн төв болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, тэдгээрийн тусламж дэмжлэгээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол орны шилмүүст болон навчит ойг бүрэн хамарсан "Олон зорилтот үндэсний ойн тооллого”-ыг зохион байгуулжээ. Үндэсний ойн тооллогын зорилго нь шилмүүст навчит ойн талбай, ойн төлөв байдлын үндсэн үзүүлэлт, тэдгээрт харгалзах нүүрстөрөгчийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэх юм.
ХБНГУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Глаас, энэ удаагийн ойн тооллого нь Монгол Улсын ойн салбарт ахиц дэвшил гаргах чухал судалгаа болсныг онцлов.
GIZ-ийн "Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь II” хөтөлбөрийн захирал Клаус Шмидт-Кроситто "Монгол Улсын Засгийн газрын хувьд эхлэх цэгээ тавилаа гэж дүгнэж байна. Үүнээс цааш ойн талаарх менежмент, ойг тогтвортой байлгах гэх мэт бодлогоо хэрхэн зөв тодорхойлсноор ойн өсөлт, ирээдүй шалтгаална” гэв.
Энэ үеэр ойг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст салбарын шагнал гардуулсан юм.
Ж.Болор