- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Т.Шимизү: Монголчууддаа хандаж хэлэх миний захиас
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү энэ сарын 9-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нутаг буцна.
Монгол Улсыг социалист нийгэмтэй байхад анх хөл тавьж байсан энэ эрхэм өдгөө амьдралынхаа 40 орчим жилийг манай улстай холбожээ. Хэдхэн хоногийн дараа нутаг буцах гэж буй энэ эрхмийн хийсэн зүйлийг дурдвал дуусахгүй биз ээ.
Хийх ажил бүртээ хянамгай ханддаг элчин сайд хамгийн сүүлд хувьчлах дээрээ тулаад байсан Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын засварын ажилд хөрөнгө оруулан хүлээлгэж өгсөн юм. Энэ үеэрээ тэрбээр "Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга бол зүгээр нэг барилга биш, баялаг түүх. Тиймээс хувьчлалын асуудалд анхаарал хандуулж, мөн засаж, дараагийн үеийнхэнд хүлээлгэж өгөх нь чухал байсан. Энэ байшинд суралцаж байгаа, суралцсан олон хүний хувьд үнэт түүхийг өгүүлж байгаа энэ төвийг хамгаалж үлдэх хэрэгтэй” гэдгийг захиж байсныг нь тод санаж байна. Энэ мэтчилэн түүний манай улсын төлөө хийсэн ажлуудыг дурдвал маш их. Хамгийн гол нь жижиг ажил гэлтгүй анхаарал хандуулж, судалдаг байдал нь уулзалт бүр дээр нь харагддаг.
Монгол Улсын боловсрол, эрүүл мэндийн салбарт дутагдаж буй зүйлсийг өөрийн амьдралын нэг хэсэг мэт мэдэрч чаддаг тэрбээр Монголчуудад тун элгэмсүү. Тиймдээ ч "Агь, гангын үнэрээр Монголыг мэдэрч, анх удаа халгайд түлэгдэж өвдөхийн зовлонг амсаж явсан Монголд элэгтэй гадаадын нэгэн иргэний хувийн санал бодол” хэмээн тодотгож, өөрийн захиасыг бидэнд илгээлээ.
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүгийн Монголчууддаа хандаж хэлэх захиасыг бүрэн эхээр нь хүргэж байна.
ОРШИЛ
1972 онд Япон, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтов. Монгол оронтой ямар ч хэлхээ, холбоогүй байсан миний бие 1975 онд Японы ГХЯ-нд Монголыг хариуцсан мэргэжилтнээр орж, улмаар 1977 онд Монголд анх хөл тавьж билээ.
Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монгол дахь Японы ЭСЯ-нд нийт 4 удаа ажиллаж атташегаас эхлээд Элчин сайдын албыг хүртэл хаших завшаан тохиосны зэрэгцээ Японы ГХЯ-ндаа 6 жил Монголын асуудал хариуцан ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, ГХЯ-нд ажилласан нийт хугацааны маань тал нь Монголтой, монголчуудтай шууд холбоотой байлаа.
Монгол улс социалист нийгмээс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих сонголт хийсэн үе, мөн түүний дараах Монголын нийгэмд гарсан өөрчлөлтүүд, хөгжлийн үйл явцыг дэргэдээс нь ажиглаж ирлээ. Япон дипломатчийн хувьд, Япон улс Монголын хөгжилд хувь нэмрээ оруулснаар Японы нэр хүнд дээшилнэ, энэ нь Японы эрх ашигт нийцнэ гэсэн итгэлтэйгээр ажиллаж ирсэн. Харин өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад миний ажлын үр дүн Япон гэхээс илүү Монгол улсын эрх ашигт илүү нийцсэн юм болов уу гэх сэтгэгдэл төрөх боллоо.
Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр бүрмөсөн нутаг буцах албан ёсны шийдвэр гарсан тул тун удахгүй миний бие Элчин сайдын албаа хүлээлгэн өгөхийн хамт 41 жил ажилласан ГХЯ-аа ч орхих болно. Дипломатчийн хувьд АНУ, Канад дахь ЭСЯ-нд ажиллахын зэрэгцээ ГХЯ-нд олон улсын хууль, олон нийтийн сурталчилгаа, консул, олон улсын соёлын харилцаа, НҮБ, ГХЯ-ны ажилтны нийгмийн халамж зэрэг олон чиглэлийн ажил хийсний дүнд хуримтлуулсан туршлага маань үнэндээ Монголд ажиллахад ихээхэн хэрэг болсон. Энэ олон төрлийн үүрэг, хариуцлага хүлээж явсны ачаар Монгол дахь ажил үйлс маань бүтэмжтэй байж, илүү үр дүнд хүрсэн гэдэгт би итгэж явдаг юм.
Элчин сайдынхаа албыг өгөх гэж байгаатай холбогдуулан өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд Монгол улстай нягт холбоотой ажиллаж, амьдарч ирсэн хүний хувьд Монголчуудад хандан заавал хэлэхийг хүссэн зүйл сэтгэлд минь хуримтлагдаад байсныг энд цөөн үгээр сийрүүлсэн бөгөөд үүнийгээ "Захиас” хэмээн нэрлэлээ.
Энэхүү тэмдэглэл маань Японы Засгийн газрын байр суурьтай огтхон ч холбоогүй болно. Харин агь, гангын үнэрээр Монголыг мэдэрч, анх удаа халгайд түлэгдэж өвдөхийн зовлонг амсаж явсан Монголд элэгтэй гадаадын нэгэн иргэний хувийн санал бодол хэмээн хүлээн авч уншвал миний бие ихэд баяртай байх болно.
МОНГОЛЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗҮЙЛ БОЛОХ АРДЧИЛАЛ
Өнөөгийн залуусын дийлэнх хэсэг нь социалист нийгмийг биеэрээ туулж мэдрээгүй. Саяхныг болтол буюу 26-хан жилийн өмнө монголчууд хувийн өмчийг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй, ажил мэргэжлээ хүссэнээрээ сонгох эрхгүй, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэн үгээ хэлэх эрх, өөрсдийн төлөөллөө сонгох шударга чөлөөт сонгуулийг ч хүлээн зөвшөөрдөггүй нийгэмд амьдарч байв.
Эрх чөлөөт ардчилсан нийгэмд өсөж хүмүүжсэн одоогийн залуучууд тэр үеийн хаагдмал нийгэм дэх амьдралын талаар бүрэн төсөөлж ч чадахгүй нь ойлгомжтой. Тухайн үеийн Монгол оронд ноёрхож байсан социалист нийгмийг өөрийн биеэр үзэж мэдэрсэн миний хувьд Монголын хамгийн үнэтэй зүйл, хамгийн чухал ололт бол "эрх чөлөө ба ардчилал” гэж бодож явдаг.
Хичээл зүтгэл гарган хөлсөө урсгасан хүн бүрийн өмнө хангалуун амьдрах зам нь, бас эрх нь нээлттэй
Ардчилал ялаагүй байсан бол хэчнээн Хятад, Орос хэмээх хоёр том гүрний дунд орших стратегийн чухал ач холбогдолтой, арвин их байгалийн нөөц баялагтай улс байлаа ч Монгол улс өнөөдрийнх шиг чухал байр суурийг эзлэхгүй байсан болов уу.
Монгол улс ардчиллыг хөгжүүлж ирсэн учраас л дэлхийн анхаарлын төвд нь байж, олны сонирхлыг татах болсон юм. Иймээс залуучуудад ардчилсан хөдөлгөөний үр дүнд олж авсан үндэсний асар том амжилтаа хамгаалж, улам бүр хөгжүүлэн төлөвшүүлэхийг хүсье.
Энэ нийгэмд урьдын социалист нийгмийн адилаар бүгдийг төр, засагт даатгаж болдоггүй билээ. Хичээл зүтгэл гарган хөлсөө урсгасан хүн бүрийн өмнө хангалуун амьдрах зам нь, бас эрх нь нээлттэй. Ариун цагаан хөдөлмөрөөрөө амжилтад хүрч буй нэгэндээ атаархах бус, ийм хүмүүсээ хүндэлдэг, дэмждэг улс болоосой гэж хүсч байна. Нөгөөтэйгүүр, албан тушаалаа урвуулан ашиглаж шударга бусаар хөлждөг хүмүүсийг хатуухан шүүмжлэх, зохих хариуцлагыг нь үүрүүлэхийг шаардах эрх чөлөө ч ардчилсан нийгэмд бас бий.
УЛС ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Улс орны аюулгүй байдлын үндэс суурь нь ард иргэдийн хангалуун, элбэг дэлбэг амьдрал болон эв нэгдэл, тогтвортой улс төрийн орчинд байдгийг бид бүгд мэдэх бөгөөд энд гурван зүйлийг онцолмоор байна.
Хятад, Оросын дунд орших Монгол улсын хувьд хөрш улс орнуудтайгаа харилцаагаа тогтвортой хөгжүүлэх явдал эн тэргүүний шаардлага байх нь ойлгомжтой. Гэхдээ улс төрийн ч, эдийн засгийн ч үүднээс авч үзсэн аль нэгнээс нь хэт хамааралтай байх нь улс орны аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй. Тиймээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаагаа тэгш хөгжүүлж тэнцвэртэй байлгах нь зөв гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Гадаадын компани, хөрөнгө оруулагчдыг шүүмжилдэг улс төрч "үндэсний баатар” болох нь энүүхэнд. Гэхдээ аливаа асуудал хоёр талтай байдаг
Нөгөөтэйгүүр 90-ээд оноос Монгол улсын гадаад бодлогын тухай ярихдаа "Гуравдагч хөрш” гэх хэллэгийг өргөнөөр хэрэглэх болсон. Эцэст нь "гуравдагч хөршийн бодлого” нь 2010 оны Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд багтаж, мөн 2011 оны гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн бодлогыг албан ёсоор тусгасан байдаг.
Гурван тулгууртай байх нь хамгийн тогтвортой. Энэхүү бодлого нь ямагт Монголын гадаад бодлогын үзэл баримтлалын чухал хэсэг байх болно гэж бодож байгаа ч, харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ үг сонсогдох нь ховор болжээ.
Үүний ач холбогдлын талаар монголчууд нухацтай эргэцүүлэн бодож, ойлгон хүлээж авч байгаа эсэхэд саяхнаас эргэлзээ төрөх боллоо. "Гуравдагч хөрш” гэх ухагдахууныг Монголчууд зөвхөн өөрсдөдөө ашигтай үед хэрэглэе гэсэн ч анхнаасаа тухайн улс орнуудтай харилцаагаа хөгжүүлж чадаагүй бол төдийлөн амжилт олохгүй гэдгийг бодолцох хэрэгтэй. Ялангуяа эдийн засгийн харилцаанд энэ маш чухал.
Өнөөгийн монголчуудын эзэмшиж буй үлэмж их байгалийн нөөц баялаг бол Чингис хаанаас уламжлагдан ирсэн өв билээ. Харин сүүлийн үед энэхүү баялаг нь зөвхөн гадаадын иргэд, компаниудад ашигтай гэх ойлголт газар авч, элдэв маргаан дагуулах боллоо.
Гадаадын компани, хөрөнгө оруулагчдыг шүүмжилдэг улс төрч "үндэсний баатар” болох нь энүүхэнд. Гэхдээ аливаа асуудал хоёр талтай байдаг. Зөвхөн гадаадын иргэд, хөрөнгө оруулагчдад ашигтай, байгаль орчинд халтай, Монголын ард түмний эрх ашигтай зөрчилддөг байж болохгүй нь ойлгомжтой. Харин нөгөө талаас гадаадын компаниуд, хөрөнгө оруулагчдад хэт их дарамт шахалт тулган, биелэшгүй болзол шаардлага тавьбал тэд Монголыг орхин гарч, үүний үр дүнд хөрөнгө оруулалт буурч, тэр хэмжээгээрээ валютын орох урсгал ч татарна. Эцсийн дүндээ энэ нь ард иргэдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлж, улсын эдийн засаг хүндрэхэд хүргэдгийг бүгд мэдэх болов уу.
Хүн ам нь цөөн, уудам газар нутагтай Монгол шиг орны хөдөө орон нутагт мал аж ахуй эрхэлж буй иргэд улсынхаа аюулгүй байдлын нэгэн чухал хэсгийг бүрдүүлдэг
Монгол улсын нэрээр гэрээ байгуулчихаад түүнийхээ зүйл заалтыг хэрэгжүүлдэггүй, үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэний дараа гэрээний нөхцлийг өөрчилдөг учраас гадаадын компаниуд хөрөнгө оруулалт хийхээс болгоомжилдог, зайлсхийдэг. Гэрээ байгуулсан л бол түүнийгээ заавал дагаж мөрдөх учиртай.
"Pacta sunt servanda” буюу "гэрээ заавал биелэгдэх ёстой” гэх утга бүхий зарчмыг грекчүүд эртнээс хэрэглэж ирсэн. Гэрээг өөрчлөхийг шаардах боломжтой боловч өөрчлөхийн өмнө гэрээний агуулгыг дур мэдэн зөрчих нь "Амлалтаа биелүүлдэггүй улс” гэх ойлголтыг олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын дунд төрүүлж, улмаар улс орны аюулгүй байдал, олон улсын тавцан дахь байр суурь, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.
Түүнчлэн хүн ам нь цөөн, уудам газар нутагтай Монгол шиг орны хөдөө орон нутагт мал аж ахуй эрхэлж буй иргэд улсынхаа аюулгүй байдлын нэгэн чухал хэсгийг бүрдүүлдэг. Хилийн цэргийнхэн дангаараа улс орныхоо дархан хилийг манаж хамгаалах боломжгүй тул уудам нутгаар нүүдэллэн аж төрөх малчид тэдний "нүд”, "чих” нь болж өгдөг. Иймээс малчдын амьдралыг дэмжиж, тэдэнд төрсөн нутагтаа амар тайван, хангалуун амьдрах боломжийг олгох, Улаанбаатар руу чиглэсэн хүн амын төвлөрлийг бууруулах төрийн бодлого зайлшгүй чухал байна.
МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ЗАМ
Маш хурдан хөгжих нэг арга бол газар доорхи эрдэс баялгаа үр өгөөжтэйгээр ашиглан гадаадад экспортолж валют болгох юм. Төрөл бүрийн татвараар төр нь төсвөө зузаатган санхүүгийн байдлаа тогтворжуулж, олсон орлогоо ард түмнийхээ төлөө зүй зохистой зарцуулах нь чухал. Ингэж байгалийн баялагтай улс орон хөгждөг. Гэхдээ үүнд сул тал ч бас бий. Байгалийн баялгаас хамааралтай улс орны ард иргэдийн дийлэнх хэсэг нь ядуу буурай хэвээр байдаг.
Байгалийн баялгийн ачаар улсын орлого нэмэгддэг хэдий ч, энэ нь Монголын малчдын амьдралыг шууд хангалуун болгож чадахгүй тул төрийн бодлого нэн чухал. Улс орны эдийн засаг, иргэдийн аж амьдралд голлох байр суурь эзэлж ирсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өнөөдөр яагаад төр нухацтай ажиллахгүй байна вэ? гэсэн асуулт эртнээс анхаарал татах болсон.
Малын өвчинтэй тэмцэх, малыг чанаржуулах, арьс шир, ноосны боловсруулалтыг сайжруулах ажил дутмаг байгаагийн улмаас 70 гаруй сая толгой малтай Монголын малын гаралтай бүтээгдэхүүний чанар бусад орныхоос доогуур хэвээр байна.
Сүүлийн үед малын арьс, ноос үнэгүйдэж байгааг хараад сэтгэл өвдөх боллоо. Гэтэл төр, засаг яагаад гол анхаарлаа зам, барилга зэрэг салбартай холбоотой томоохон төслүүдэд түлхүү хандуулаад байна вэ? Энэ нь улсаа, ард түмнээ гэхээсээ илүү улс төрчдөд өөрсдөд нь ашигтай байдагтай холбоотой хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа бичдэг нь үнэний хувьтай ч байж мэднэ. Гэхдээ нийт Монголынхоо ард түмний төлөө ажиллах сэтгэл улс төрчдөд байгаа гэж би хувьдаа найдаж байна.
Монголын хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсандаа сэтгэл ханаж улс орны амгалан тайван байдал, эв нэгдлээс илүү хувь хүний эрх ашгийг дээгүүр тавьсан учраас нуран унасан байдаг
Улс төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж чанар алдагдсан улс оронд хөрөнгө оруулалт хийх бодолтой компани тун ховор биз ээ. Энэ тал дээр шинэ Засгийн газарт ихээхэн итгэл хүлээлгэж байгаа бөгөөд өнөөг хүртэл гаргаж ирсэн алдаануудыг давтахгүй байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна.
Мөн сүүлийн үед Японы Засгийн газрын зүгээс Монгол улсад тусалж дэмжих гэсэн ямар нэгэн алхам хийхэд Монголын талаас шалтгаалан элдэв хүндрэл бэрхшээл үе үе тулгарах боллоо. Өнөөдөр манай хоёр орны хувьд шаардлагатай зүйл бол тусламжид тулгуурласан Засгийн газрын түвшний харилцааг бус, харин иргэд хоорондын шууд харилцаа, ялангуяа харилцан ашигтай бизнесийн түншлэлд тулгуурласан харилцааг гүнзгийрүүлэх биш гэж үү. Гэтэл Монголд хөрөнгө оруулалт хийсэн олон Японы компани алдагдал хүлээн хохирох боллоо. Би эдгээр асуудлыг шийдэхийн төлөө чадлаараа хөөцөлдсөн боловч хүчин мөхөстөж шийдүүлж чадалгүй өнгөрсөн нь олонтаа.
Монгол орныг хөгжүүлэхийн тулд өнөөгийн монголчууд нэгэн үед Европ, Азийг дамнасан агуу Их эзэнт гүрнийг байгуулж байсан өвөг дээдсээсээ суралцах хэрэгтэй гэсэн итгэл үнэмшил надад байдаг. Чингис хаан хэмээх суут хүнээр зөвхөн бахархах бус, Чингис хаан ба түүний үр садын явуулж байсан бодлогоос сургамж авах хэрэгтэй. Тэр үеийн Монголын Эзэнт гүрний хөгжил цэцэглэл нь зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр олж авсан ололт амжилт байгаагүй билээ. Худалдааг чөлөөтэй явуулах, гаалийн тогтолцоог үр дүнтэй ашиглах, харийн иргэдийг албан тушаалд томилон мэдлэг чадварыг нь ашиглах, шашин шүтэх эрх чөлөөг хангах зэрэг бодлогын чанартай гайхалтай шинж чанарууд Монголын Эзэнт гүрний амжилтад нөлөөлсөн гэж боддог.
Нөгөөтэйгүүр Монголын Эзэнт гүрэн яагаад тийм амархан мөхсөн бэ гэдгээс ч суралцах нь өнөөгийн монголчуудад чухал. Цөөн үгээр хэлбэл, тэр шалтгаан нь ураг төрлийн эрх мэдлийн төлөөх тэмцэл буюу дотоодын зөрчил байсан. Мөн дотоодын энэхүү зөрчлийг ашиглах гэсэн гадны хүч ямагт дэргэд нь отож байсныг бүгд мэдэх биз ээ.
Хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чадах бүхнээрээ тус дэм болох, мэдлэг туршлагаа хоёр ард түмнийг ойртуулах, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд зориулах хүсэл эрмэлзэл маань өөрчлөгдөхгүй
Монголын хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсандаа сэтгэл ханаж улс орны амгалан тайван байдал, эв нэгдлээс илүү хувь хүний эрх ашгийг дээгүүр тавьсан учраас нуран унасан байдаг. Монгол улс өнөөдрийнхөө хөгжлийн түвшинд сэтгэл ханаж улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг умартан хувийн эрх ашгийг дээгүүрт тавин, дотооддоо эрх мэдлийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлсээр байвал хэзээ нэгэн цагт Монголын эзэнт гүрэнг мөхөөсөн алдаа давтагдах аюул тулгарах нь гарцаагүй. Монголын ухаалаг ард түмэн ийм байдалд хүргэх сонголтыг хэзээ ч хийхгүй гэдэгт миний бие итгэхийг маш ихээр хүсч байна.
Дээр дурдсанчлан, тун удахгүй миний хувьд япончуудын ярьдгаар "хоёр дахь” амьдрал минь эхэлнэ. Гэхдээ үүнийг зүгээр суун өдөр хоногийг өнгөрүүлэх үе бус, харин төрийн албанд зүтгэж байх хугацаандаа хийж амжаагүй олон ажлыг амжуулах боломж гэж би хувьдаа харж байна.
Мэдээж хийхээр төлөвлөж буй ажлууд маань тодорхой хэмжээнд Монгол орон, монголчуудтай холбоотой байх болов уу. Хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чадах бүхнээрээ тус дэм болох, мэдлэг туршлагаа хоёр ард түмнийг ойртуулах, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд зориулах хүсэл эрмэлзэл маань өөрчлөгдөхгүй гэдгийг эцэст нь тэмдэглэе. Тийм ч учраас цаашид Монгол орон, монголчуудтайгаа нэг бус удаа эргэн учирна гэдэгт, мөн Монгол улсын хөгжил цэцэглэлтийн гэрч болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол орон, Монголын ард түмнийг тэнгэр ивээх болтугай.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||