Данжаад дампуурах тусмаа гоёдог гэдэгсэнЭнэ бол хуучны монгол үг байлаа. Хуучныхдаа 1921 оны хувьсгалаас өмнөх үеийнх л дээ. Тухайн үед аж ахуйн нэгж удирдаж байсан хятад эздийг данжаад гэж монголчууд нэрлэдэг байв. Одоогийнхоор компанийн захирал, босс гэсэн үг юм даа.

Хоршоо, пүүс нь алдагдалд орж, эрсдэлтэй нөхцөлд орохоороо данжаадууд гоёж гангалаад, энгийн үеийнхээсээ илүү найрсаг, эелдэг ааш гаргадаг байсан гэдэг. Гоёх нь хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, ажил үйлс нь бүтэмжтэй байгааг харуулж буй хэрэг.Нэг ёсондоо дампуурах гэж байгаагаа ингэж нууж, нийгмээс гадуурхагдахгүйн тулд, хавь ойрныхондоо эдийн засгийн чадамжгүй болсноо мэдэгдэхгүй гэж тэр. Нөгөө талаас харилцагч, түншүүдээ үргээхгүй гэсэн давхар санаа нь. Түншүүдээ үргээхгүй байж гэмээнэ тэд хөл дээрээ дахин зогсож чадах учраас тэр шүү дээ. Харин арилжаа наймаа нь ашигтай, их мөнгөтэй байх тусмаа данжаадууд нооройсон хувцастай явдаг байсан гэдэг. Тийм учраас данжаад дампуурах тусмаа гоёдог гэсэн ёгт үг монголчуудын дунд гарсан байдаг.

Яг үүн шиг зүйл Монголд болж байна. Монгол Улсын эдийн засаг дампуурч байна. Сэргэхгүй байна. Энэ эрх баригчид Монгол Улсыг гоёхгүй байна. Нэг л их сээхэлзсэн, толгой өндөр хүмүүс тас няс хийсэн мэдэгдэл гаргаад суух юм. Эдийн засаг нь хямарч алдагдалтай байгааг нууж, улсаа гоёхын оронд данс улайсан, хоосорсон хэмээн мэдэгдсэн нь эрх баригчид. Бүр Монгол Улсын эдийн засаг дампуурч байна гээд гайхуулж буй өнгө аястай зарласан нь бий. Цухас дурдахад, төв банкны долларын нөөц хасахтай гарсан талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ам алдсан нь ханшийн өсөлтийг хөөрөгдөх шалтгаан байв. Улсынхаа валютын бүх нөөцийг ингээд ил зарлачихдаг төв банкны ерөнхийлөгч гэж хаана ч байхгүй гэж олон нийт шүүмжилж байв. Дараачийнх нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдэл. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ 2016 оны төсвийн алдагдал оны эцэст таван их наяд хүрнэ гэсэн нь бас л бөөн шуугиан тарьсан. Шуугиан гэхээсээ илүүтэй гадаад болоод дотоодод сөрөг мессэж болж олон улсын зах зээл дэх Засгийн газрын бондын ханшийг унагалаа гэх шүүмжлэл. Энэ мэтээр эрх баригчдын мэргэжлийн бус мэдэгдлүүд эдийн засгийг туйлдуулах эхлэлийг тавьсан гэхэд болно. Тэдний эх оронч бус мэдэгдлээс харвал төр засагт гарсан энэ хүмүүс эх орноо гэсэн сэтгэлтэй, монгол хүн мөн үү гэж эргэлзмээр.

Гэтэл дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагын нэг болох "Moody’s” Монголын зээлжих зэрэглэлийг В3 ангиллаас С1 ангилал руу буулгаснаа зарлав. Хариуд нь Засгийн газар, Монголбанк хоёр хамтран энэ шийдвэр "бодит бус” гэж мэдэгдэв. Улмаар "Moody’s” байгууллага Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлал бууруулсныг бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна” гэж эсэргүүцэв. Үр дүнгүй эсэргүүцлээ гээд юунд хүргэх вэ. Эрх баригчдын сүржигнэлээс болоод Moody’s манайхны гоншигонолыг хүлээн авч, дээд ангилал руу шилжүүлэхгүй нь лав. Өнгөрсөн долоо хоногт мөн л БНХАУ-ын зээл бүтэхийн даваан дээр мэдэгдэл гаргаад бараг л тусгаар тогтнолоо авч үлдлээ гэх ухааны юм ярив. ОУВС-гийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу гэхээр ярьж болох л юм. ОУВС-гийнхан манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар нэлээд ойлголттой байгаа. Тэгэхээр ганц "Moody’s”-ийн шийдвэрээс болж ярьж хэлсэн зүйлээсээ буцахгүй байх гэж найдаж байна гэх.

Тэгсэн атлаа өөрсдийнх нь хариуцлагагүй мэдэгдлийнх нь гор гарч ханш унаад эхлэхээр Монголбанкны ерөнхийлөгч нь "ажиглаж байна” гэдэг. Сангийн сайд нь болохоор данс улайчихсан, тулмаараа газар гуядсан гээд гайхуулж ханхалздаг. Ерөнхий сайд нь Оюу толгой дээр очоод удирдлагуудад нь үүрэгддэг. Эдийн засаг нь дампуурчихаад байхад эрх баригчдын хийж буй ажил гэж ердөө л ийм л зүйл харагдаад байгаа юм. Юунд эрдэж, ийм толгой өндөр мэдэгдлүүд хийж суугааг нь ойлгох хүн олдохгүй байна. Үгүй ядаж л тэдэнд данжаадын ухаан алга. Монгол Улсыг ийм боломжтой гээд гоёчих, найрсгаар асуудалд хандчих сүйхээ харагдахгүй байна. Монголын эдийн засгийн өсөлт сүүлийн улиралд дараалан буурлаа. Энэ хэний буруу вэ. Тухайлбал, ДНБ нэгдүгээр улиралд 3.1 хувиар, хоёрдугаар улиралд 1.4 хувь өсөж байсан бол гуравдугаар улиралд 1.6 хувиар уналаа. Сүүлийн гурван сар дараалаад дефляцитай буюу үнэ хасах болж буурсан үзэгдэл гарав. Оноос хойш төгрөгийн ханш 460 төгрөгөөр буюу 23 хувь унасан. Төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөг болов. Гадаад зээлийн хүүгийн төлбөр ханш уналтаас болж хар аяандаа нэмэгдсэн. Эдийн засаг өөрөө унаж байгаа юм биш эрх баригчдын буруу бодлогын үр дүнд унаж байгаа юм гэдгийг эдийн засгийн ажиглагчид хэлж байна. Монгол Улс дампуурах эрсдэлд байна гэж анхааруулж байгаа нь маш сэрэмжтэй, няхуур, алсыг харсан бодлого хэрэгтэйг илтгэж буй. Тэр тусмаа эрх баригчид хэнэггүйтэж яваад улсаа сүйрүүлж мэдэх учраас тэр юм. Харамсалтай нь тэд "бодит бус”, "эсэргүүцэж байна” гэсэн мэдэгдэл гаргаад "тийм биш, ийм биш” гэж сээхэлзсэн дүртэй хариулахаас хэтрэхгүй байна. Хувхай хоосон байж бүхнийг тас няс гэж хариулах хэрэг байна уу, ер нь. Ам ажил нь зөрж, ямар ч арга зам гарц олж чадаагүй өнөөдөртэй золгосныг дээрх дефляцитай тоон мэдээ хангалттай харуулж буй. Ингэж галзуурах хэрэг байна уу, үгүй юү. Гэтэл үнэндээ цасаа ч цэвэрлэх давс алга, та нарт. "Найрсаг Улаанбаатар” гэсэн шоуг хэдэн сая төгрөгөөр тэмдэглэж сүржигнэв. Зөвхөн энэ арга хэмжээг 200 сая төгрөгөөр зохион байгуулсан сураг сонсогддог. Гэтэл олон жилийн дунджаас ахиухан цас хэдхэн хоног ороход л барьц алдлаа. Одоо гурав дахин өндөр үнээр цас хайлуулах давс авч байна. Энэ бол цас хайлуулах давс авч дундаас нь мөнгө унагаж буй нугалаа гэдэг чинь ил харагдаж байна гэж хүмүүс ярьж сонсогдоно лээ. Тэгээд ард түмэн халтираад байна гэхээр битгий унгас алдаад бай гэдэг. Та нарын жижигхэн улс төр чинь ердөө л энэ.

Та нар улс төрийн орооноосоо салаач ээ. УИХ-ын сонгууль дуусчихаад байна. Бараг жил гаран болоход юу ч хийсэнгүй, улс төрийн ороо нь арилаагүй хэвээрээ. Улс төрийн тэр ороо чинь сонгууль дуусахад хамт дуусах ёстой. Улс төр гэдэг чинь дөрвөн жилд нэг хийдэг сонгууль төдий зүйл биш. Сонгууль бол намуудын хийдэг жижиг улс төр. Том улс төр бол улс орноо авч явах ухаан хэмээдэг. Монголыг хөгжүүлж, эдийн засгийн хямралаас гарах, ард түмнээ аюулгүй тайван амьдруулах, олон улсын тавцанд гарч ажиллах чадварыг ард түмэн хүсэж байна. Эрх баригч та нарын улс төрийн хямрал чинь эдийн засгийн хямрал болтлоо уруудчихаад байна. Тэр улс орны хөгжлийг уруудуулсан алдаа чинь Монгол Улсыг дампуурлын ирмэгт аваачлаа. Та нар Монгол Улсыг дампууруулах гээд байна уу, авч явах гээд байна уу. Ард түмэн сонголтоо хийчихээд байхад эрх баригчид та нар ямар сонголт хийчихээд сээхэлзэн толгой өндөр, тас няс хийсэн хариулт өгөөд эдийн засгийн хямралыг бариад байна вэ. Данжаад ухаан сийлж, Монгол Улсаа гоёж гангалаад, энгийн үеийнхээсээ илүү найрсаг эелдэг ааш гаргаж эдийн засгийг хямралаас гаргах төсөл хөтөлбөрүүдийг олж сэдэх ёстой бус уу.