Уул уурхайн техник, технологийг сурталчлах эл үзэсгэлэнд 16 орны 120 орчим компани оролцож уул уурхайн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ сурталчилна хэмээн "Mongolia Mining 2014” экспог зохион байгуулах хорооны дарга Т. Баттулга мэдээллээ.
Өнгөрсөн жил эл үзэсгэлэнг 4000 орчим хүн үзэж сонирхсон бол энэ онд 5000-6000 хүртэл нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тиймээс гурван өдрийн турш хотын төвөөс үнэгүй автобус иргэдэд үйлчлэх аж. Үзэсгэлэнгийн үеэр хурлын танхимд бизнесийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, танилцах, холбоо тогтоох олон арга хэмжээ болдог.
Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнгээр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарын бодлого, өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар уул уурхайн салбарынханд мэдээлэл өгөх юм байна. Мөн үеэр Их Британийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбоо, ОХУ-ын "Уралмаш" заводоос танилцуулга хийхээ албан ёсоор мэдэгджээ.