Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг хумилаа. Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт хуралдаж, ийм шийдвэр гаргажээ. Одоогоос яг жилийн өмнө энэ татварыг мөн хөндөж байв. Тухайн үед шатахууны онцгой албан татварыг өсгөсөн бол өдгөө бууруулж буй нь энэ. Хачирхалтай нь энэ зөрүүтэй шийдвэрүүд ард түмний нуруун дээр адилхан тусаж байна.
Өдгөө 50 ам.долларт хэлбэлзэж буй газрын тосны ханш өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сард 30 ам.долларт дөхөж, ёроолдоо тулаад байлаа. Үндсэн түүхий эдийн ханш унахаар шатахууны үнэ ч дагаад буурна. Эдийн засгийн энэ хуулийн дагуу монголчуудын худалдан авдаг шатахууны үнэ буурах нөхцөл бүрдээд байв.
Шатахууны онцгой албан татварыг 30, зарим төрөлд 50 орчим хувиар хөнгөлжээ
Гэтэл Засгийн газар иргэдэд хүрэх үнийг нь буулгалгүй хэвээр үлдээж, зөрүүг нь татвар болгож авахаар шийдвэрлэсэн байдаг. Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн, түлшний онцгой албан татварыг өнгөрсөн оны намар нэмэхээр шийдсэн нь энэ. Алдагдал нь их наяд төгрөгөөр хэмжигдэх нь тодорхой болоод байсан 2015 оны төсөвт орлого нэмэх ховорхон завшаан энэ болсон нь мэдээж. Ингэснээр татвар өссөн ч үнэ хэвээр үлдэв.
Гэтэл хэд хоногийн өмнө автобензин, дизель түлшний онцгой албан татварыг буурууллаа. Сонирхолтой нь үнэ хөдөлсөнгүй. Жижиглэнгийн үнийг тогтвортой хадгалах үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Б.Дашдоржид өгчээ. Угтаа, татвар өсөхөд дээшлэлгүй, тогтож чадсан шатахууны үнэ буурахад нь дагаад уруудах боломж бий. Гэвч хөдөлсөнгүй. Цаашид энэ хэвээр байхыг сайдад өгсөн үүргээс харж байна.
Засгийн газар шатахууны онцгой албан татварыг 30, зарим төрөлд бараг 50 хувиар хөнгөлжээ. Автобензин, дизель түлшний онцгой албан татвар тонн тутамдаа 400, 500, 520 мянган төгрөг байв. Үүнийг өнгөрсөн лхагва гарагт 130-280 мянган төгрөг болгожээ. Замын-Үүд, Алтанбулаг боомтоор нэвтрэх автобензинд 260, дизель түлшинд 280 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулсан. Эрээнцаваар орж ирэх нефтийн бүтээгдэхүүний татварыг 130-150 мянган төгрөгөөр тогтоожээ. Үүнээс үзэхэд төр татварын хөнгөлөлтөд гар татаагүй нь харагдаж байгаа биз.
Бодлого тодорхойлогчид онцгой албан татвараар залуурдаж, жижиглэнгийн үнийг жолоодож ирсэн. Газрын тосны ханш ёроолын цэгтээ тулаад байхад манайд шатахууны үнэ хөдөлдөггүйн шалтгаан энэ. Сүүлийн гурав, дөрвөн жил ийм байдлаар жолоодсон.
- Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг буурууллаа. Жижиглэнгийн үнийг тогтвортой хадгалах үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад өгчээ.
- 2017 оны төсвийн төсөлд шатахууны онцгой албан татвараас 274.4 тэрбум төгрөг олохоор төлөвлөжээ.
- Иргэдэд очих үнийг бууруулахаас илүү ханшийг хэвээр үлдээж, зөрүүг нь татвар хэлбэрээр төсөвт төвлөрүүлэх тактик баримталж байна.
Энэ оны босгон дээр үл ялиг буулгасныг эс тооцвол шатахууны жижиглэнгийн үнэ дорвитой буурч байсангүй.
Иргэдэд очих үнийг бууруулахаас илүү ханшийг нь хэвээр үлдээж, зөрүүг нь татвар хэлбэрээр төсөвт төвлөрүүлэх тактикийг сүүлийн Засгийн газрууд баримталж байгаа. Улсын төсвийн наймдугаар сарын үзүүлэлтийг харъя. Автобензин, дизель түлшний онцгой албан татвараас 217 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ. Сангийн яамны тооцоогоор жилийн эцэс гэхэд 374 тэрбум гаруй төгрөгт хүрэх төлөвтэй.
Тэгвэл ирэх оны төсөвт төвлөрөх татварын орлого буурах нь. Тэр тусмаа сонгуулийн өмнө шатахууны үнэ буулгахыг шаардаж, хямдруулахын төлөө ажиллахаа мэдэгдсэн улстөрчид энэ Засгийн газрын гишүүн болоод байгаа. Тэдний тэмцэж байсан үгийг эргэн санахад лхагва гарагийн шийдвэр өөрөөр эргэх боломжтой байв.
Бас төсвийн орлого, алдагдал ямар байгааг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг бууруулснаар орлого ч багасахаар байна. Ирэх оны төсвийн төслийг сөхье. 2017 онд автобензин, дизель түлшний онцгой албан татвараас нийт 274.4 тэрбум төгрөг олохоор тусгажээ. Мэдээж энэ бол 2016 оныхоос буурсан дүн.
Энэ асуудлаар Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас тодрууллаа. Сангийн яамны тайлбарлаж буйгаар ам.долларын ханш чангарсан нь татвар бууруулах үндсэн шалтгаан болжээ. Зургаагаас есдүгээр сарын хооронд төгрөгтэй харьцах ам.долларын ханш бараг 20 орчим хувиар чангарчээ. Энэ хэрээр түлш, шатахуун импортлох зардал өсөх нь ойлгомжтой.
Мөн энэ жил эрт сэрүү бууснаас зуны түлшээ өвлийнхөөр солих цаг хаяанд тулжээ. Өвлийн түлш нь харьцангуй үнэтэй. Тиймээс шатахуун импортлогч компаниудын ашигт ажиллагаа буурсан гэсэн тайлбарыг Сангийн яамнаас өглөө.
Компаниудаас онцгой албан татвараа буулга, эс бөгөөс шатахууны жижиглэнгийн үнэ өсгөнө гэсэн шаардлага ирсэн байна. Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Монголбанк, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, хувийн хэвшил зэрэг төлөөллөөс бүрдсэн зөвлөл хуралдаж, татвар бууруулах зөвлөмж гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв.
Энэ жил эрт сэрүү бууснаас зуны түлшээ өвлийнхээр солих цаг хаяанд тулжээ
Дахин нэг шалтгаан. Өнгөрсөн сарын сүүлээр газрын тос олборлогч 14 улс гарцаа танахаа мэдэгдсэн. Дэлхийн зах зээлийн 40 хувийг хангадаг OPEC-ийн орнууд өдрийн гарцаа 800 мянган баррелиар бууруулж, 32.5 сая баррельд хадгалахаар болсон юм. OPEC-ийн олборлогчид сүүлийн найман жилд анх удаа танах алхам хийлээ.
Шинжээчдийн "түүхэн” хэмээн тодорхойлж буй энэ шийдвэр газрын тосны зах зээлийн нийлүүлэлт багасаж, үнэ өсөх эхний дохиог асаасан юм. Зөвхөн OPEC бус, бусад олборлогч гарцаа багасгахгүй юмаа гэхэд царцаахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Ерөнхийдөө олборлогчид гарцаа танах, эсвэл царцаахаар зориг шулуудаад байна. Энэ хандлага зах зээл тэнцвэржих, үнэ өсөх итгэлийг өдөөж буй юм.
Үүнийг Монгол Улсын Засгийн газар дагаж байгаа. Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг хумих шийдвэр угтаа үнийн өсөлтөд бэлдэж буйн бас нэг баталгаа. Тиймээс төсөв хүндэрсэн энэ үед татвар бууруулах "гайхмаар” шийдвэр гаргаж байна.
Өөрөөр хэлбэл, хямд үнэ биднийг орхих нь. Мэдээж дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ богино хугацаанд огцом өсөхгүй нь тодорхой. Гэхдээ ёроолын цэгээс хөдөлж, аажим боловч өгсөх замдаа оржээ. "Morgan Stanley”-ийн тооцоогоор энэ онд газрын тосны ханш 50 ам.долларт хэлбэлзэнэ. Гэхдээ ирэх оноос аажмаар өснө. Харамсалтай нь энгийн иргэд газрын тосны хямд үнийг мэдрэлгүй суусаар, үдэх нь. Харин ханш оргилдоо тулж, шатахууны үнэ чангарвал тэр үеийг ч гэсэн ингэж үдэх болов уу.
Г.Байгал